XVIII-XX зуунд бүтээсэн Их эзэн Чингис хааны "Шүтээн хөрөг"-ийг дэлгэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-08-08 17:17:47

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. “Чингис хаан” үндэсний музей, Талын язгууртан сан, Чингис хааны өв, соёлын хүрээлэн хамтран зохион байгуулж буй “Их шүтээн: Эзэн Чингис хаан” тусгай үзэсгэлэнг  өнөөдөр нээлээ.


Эрт цагаас Их Монгол Улсыг байгуулагч, Монголын эзэнт гүрнийг үндэслэгч Эзэн Богд Чингис хааныг бурханчлан шүтэж, тусгайлан тахил, сан үйлддэг байсан түүхтэй. Энэхүү үзэсгэлэнд энэ тухай өгүүлэх хангал тахилын эд, эдлэлийн зураг болон судар бичгийг дэлгэн үзүүлж байна.


Ингэхдээ "Чингис хаан" үндэсний музейн 28 дэсийн үзмэр болон Б.Амарсанаагийн хувийн цуглуулгад хадгалагдаж буй 29 ширхэг XVIII-XX зуунд бүтээсэн эд өлгийн үнэт ховор үзмэрийг анх удаа толилуулж буй юм.


Энэ үеэр “Чингис хаан” үндэсний музейн судалгаа сан хөмрөгийн эрхлэгч Г.Бямбарагчаа хэлэхдээ, “Монголчууд Монголын эзэнт гүрнийг үндэслэн байгуулагч Эзэн богд Чингис хааныг эртнээс шүтэн тахиж, дээдэлж ирсэн түүхтэй. Тэр дундаа хамаг бурхдын хүч чадлын мөн чанар болсон Очирваанийн хувилгаан, Дайны тэнгэр (Далха) бурханы дүрээр дүрсэлж жил бүрийн тодорхой сар өдрүүдэд тахилгын зан үйл хийн  судар уншдаг тогтсон дэг байсан. Энэхүү үзэсгэлэнгээр тахилын эд, эдлэлийн зураг болон түүхэн судар бичигт түүнийг хэрхэн яаж дээдэлж ирсэнийг харуулсан олон үзмэрийг дэлгэсэн. Тухайлбал, дэлхийн сан судар гэж бий. Үүнд Чингис хааныг яаж тахиж, шүтэх ёстой вэ гэдгийг тусгайлан дэглэж заасан байдаг. Мөн Манж Чин улсын үед буюу тухайн үеийн Халхын овог аймгийн гол аймаг болох Түшээт хан аймгийн сүм хийдүүдэд хадгалагдаж байсан танка зургийг дэлгэсэн” гэв.


Чингис хааны шүтээн хөргүүдийн ерөнхий дүрслэл нь хоорондоо төстэй ч хамгийн онцлог нь “Дайны тэнгэрийн дүрээр залрах Чингис хааны шүтээн хөрөг” аж. Энэхүү хөргийн оройд хөх тэнгэрт, цагаан үүл дээр заларч буй Очирваань бурхан, тахигдахууны эргэн тойронд нь найман сүлд тэнгэр, нөхөд сэлтээр хүрээлүүлж, тахилын хэсэгт дун, бүрээ, бөмбөр, цан зэрэг хөгжмийн зэмсгээр эгшиг өргөж буй ягшсыг дүрсэлдэг. Харин зүүн баруунд нь таван хошуу мал, арслан, заан, барс, ирвэс тэргүүт хүчтэнг эгнүүлэн, тахилын суурьд төгс эдлэл болсон баатрын хуяг, дуулга, зэр зэвсэг, эд хэрэглэл, идээ ундаа бүгдийг дутуу нь үгүй, бүрэн төгөлдөр жигдрүүлдэг байна. Эдгээр зурагт дүрслэгдэж буй зан үйлийн ерөнхий утга, агуулга нь тахил үйлдэх төгс эд эдлэлийг нэг бүрчлэн бэлтгээд, ариун үнэрт, арц хүжсийн утаа баагиулж, яруу эгшиглэнт заллагын үг дуудан, урин залж, сүлд тэнгэр, нөхөд сэлтийг ханган баясгаад, адислал соёрхлыг нь хүртэж, ахуй үесийн аливаа заслыг бүтээгээд, хий биеэрээ нэгэн хамт байхыг бэлгэддэг байна.

 

“Их шүтээн: Эзэн Чингис хаан” тусгай үзэсгэлэн есдүгээр сарын 8-ныг дуустал үргэлжилнэ.












 

 

Связанные новости