Цөмийн болон цацрагийн хяналтын албаны 40 жилийн ой тохиов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬМонгол Улсад цөмийн болон цацрагийн хяналтын улсын алба үүсч хөгжсөний 40 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр болов.
1976 онд Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институтын дэргэд Цацрагийн хяналтын лаборатор байгуулснаар цацрагийн хяналтын үндэс суурь тавигджээ. Улмаар 1982 онд уг лабораторийг Физик, техникийн хүрээлэнгийн Цөмийн цацраг судлах тасагтай нэгтгэснээр цөмийн болон цацрагийн хяналтын өнөөгийн тогтолцоо бий болсон гэдгийг МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагч Н.Цагаанхүү хүндэтгэлийн арга хэмжээний үеэр онцлов.
Тэрбээр, "Өнгөрсөн хугацаанд бид цөмийн болон цацрагийн хяналттай холбоотой хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгож чадсан. Цаашдаа хяналтын хүртээмж, үр нөлөөг дээшлүүлэх, улсын байцаагчдыг мэргэшүүлэх, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, техник хэрэгслийн хангалтыг сайжруулах чиглэлд анхаарах болно" хэмээв.
Ч.Ариунболд