Индонезийн армийн нисэх онгоц осолджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМЖАКАРТА. /Antara/. Индонезийн зүүн нутгийн Папуа мужид ачаа тээврийн нисэх онгоц осолдсоны улмаас уг онгоцонд сууж явсан 13 хүн бүгд амиа алдсан тухай албаны хүмүүс мэдэгдлээ. Цаг агаарын байдал тааламжгүй байсны улмаас онгоц осолдсон бололтой.
Хүнс болон бусад зүйлсийг тээвэрлэж явсан Индонезийн агаарын цэргийн хүчний “С-130” нисэх онгоц ням гарагт Вамена хотоос холгүй уулархаг газарт осолджээ.
Осол болохоос 5 орчим минутын өмнө уг онгоц радарын дэлгэцэнд харагдахгүй болсон байна.
Индонезийн армийн нисэх онгоц осолдсон тохиолдол сүүлийн үед нэг бус удаа гарсан юм.
Тухайлбал, өнгөрсөн сард армийн нисдэг тэрэг осолдсоны улмаас гурван хүн амь үрэгдсэн бол өнгөрсөн оны зургадугаар сард орон сууцны хороолол дотор “C-130” нисэх онгоц унасны улмаас 120 гаруй хүн амиа алдаж байжээ.
Тус улсын Засгийн газар насжилт өндөртэй, элэгдэж хуучирсан нисэх онгоцуудаа шинэчилж байна.
Г.Доржханд