Монгол Улс санхүүгийн боловсролыг дэмжигч “Бүсийн аварга”-аар тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭОлон улсын хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролын байгууллага /Child&Youth Finance International/-ын “Дэлхий нийтийн санхүүгийн хүртээмжийн шагнал” гардуулах ёслолоос Монгол Улс Ази-Номхон далайн орнуудын хүүхэд, залуучуудын санхүүгийн болвсролыг дэмжигч “Бүсийн аварга”-аар тодорлоо.
Тав дахь жилдээ зохион байгуулж буй тус арга хэмжээнд нийт 500 гаруй байгууллага нэр дэвшиж, 132 орны санхүүгийн байгууллагын төлөөлөл оролцжээ. Ийнхүү Олон улсын хүүхэд, залуучуудын санхүүгийн боловсролын байгууллагын 2016 оны шилдгүүдийн нэгээр Монгол Улс тодорход “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийн явц, сургуулийн насны хүүхдүүдэд санхүүгийн боловсролыг олгох ажлын үр дүн нөлөөлжээ.
Тодруулбал Монголбанк, Сангийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Санхүүгийн зохицуулах хороо хамтран тус хөтөлбөрийг 2015 оны 10 дугаар сард баталсан нь энэхүү хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх эхлэл болсон. Хөтөлбөрийг дөрвөн тэргүүлэх чиглэлд хэрэгжүүлж буй бөгөөд дунд сургуулиас эхлэн их, дээд сургуулийн оюутан залуус, хөдөө орон нутгийн иргэдэд санхүүгийн мэдлэг олгохоос гадна цахим хуудас, олон нийтийн мэдээллийн хэрэгслэлээр дамжуулан энэ чиглэлийн мэдээллийг түгээж буй юм.
Хөтөлбөр хэрэгжүүлэх гол шалтгаан нь иргэн, өрх гэрийн түвшинд санхүүгийн суурь мэдлэг хангалттай бус байгаагаас үүдэн санхүүгийн буруу шийдвэр гаргаж эрсдэлд орох, энэ нь эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөс сэргийлэхэд чиглэжээ.
Б.Заяа