Йеменд болсон халдлагад 49 хүн амиа алдав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-19 10:12:46

АДЕН./Xinhua/. Өнгөрсөн амралтын өдөр Йемений өмнөд нутгийн Аден хотын цэргийн хуарангийн ойролцоо нэгэн этгээд амиа золиослон дэлбэрэлт үйлдсэний улмаас наад зах нь 49 хүн амь үрэгдэж, 60 орчим хүн шархаджээ. Уг халдлагын хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээсэн байна.

Йемений засгийн газрын хүчнийхний хуарангийн ойролцоо цэргүүд цалингаа авахаар дугаарлаж байх үед гэмт этгээд дэлбэрэлт үйлджээ. Халдлагын дараа “Лалын улс” онлайнаар мэдэгдэл хийж, амиа золиослогчийн зургийг харуулаад “энэ халдлагыг Йемений цэргүүдийг онилон үйлдсэн” гэв.

Энэ сарын 10-нд дээрх хуаранд мөн “Лалын улс”-ын амиа золиослогч дэлбэрэлт үйлдэн 50 цэргийн аминд хүрсэн билээ.

Йеменд иргэний дайн үргэлжилсээр байна. Тус улсын Ерөнхийлөгч Абд Раббу Мансур Хади-гийн цэргүүд болон засгийн газрыг эсэргүүцэгч хүчнийхэн хоорондоо тулалдсаар байгаа билээ.

Нутгийн өмнөд хэсэг, түүний дотор Аден хот засгийн газрын цэргүүдийн хяналтад байгаа бол сөрөг хүчнийхэн нийслэл Санаа хот болон нутгийн хойд хэсгийн өргөн уудам газар нутгийг булаан эзлээд байгаа юм.

Энэ оны наймдугаар сард тасалдсан энхийн гэрээг үргэлжлүүлэх шинж төлөв харагдахгүй байна. “Лалын улс” болон бусад хэт даврагч бүлэглэлүүд тус улсад халдлага, дэлбэрэлт үйлдэх нь сүүлийн үед улам олширсоор байна.

Г.Доржханд

 

 

 

 

Связанные новости