“Baby Shark” дуутай холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-08-14 16:06:01

СӨҮЛ, 2025 оны наймдугаар сарын 14 /AP/. Baby Shark хүүхдийн дууны зохиогчийн эрхтэй холбоотой нэхэмжлэлийг Өмнөд Солонгосын Дээд шүүх хэрэгсэхгүй болгожээ.


Өмнөд Солонгосын боловсролын SmartStudy гарааны компанийн /одоо Pinkfong Company нэртэй болсон/ 2015 онд хит болсон Baby Shark дуу нь 2011 онд гаргасан дууг нь хуулбарласан гэж Америкийн хөгжмийн зохиолч Жонатан Райт мэдэгдээд байлаа. Гэвч шүүх өнөөдөр "Ж.Райтын хувилбар бол эх бүтээл биш" гэж үзээд өмнөх шийдвэрийг хэвээр үлдээжээ.


Pinkfong-ийн Baby Shark дуу 2015 онд цацагдсаныхаа дараа дэлхий даяар алдартай болж, одоогийн байдлаар YouTube дээр 16 тэрбум гаруй хандалт аваад байна. Ж.Райтын хувьд өөрийн хувилбарыг 2011 онд Pinkfong-ийн хувилбараас дөрвөн жилийн өмнө гаргаж байжээ.


Эдгээр хоёр дуу Америкийн хүүхдийн зуслангуудад олон жилийн турш дуулагдаж буй уламжлалт аялгуун дээр суурилжээ. Өмнөд Солонгосын шүүхүүд 2021 онд Pinkfong-ийг зохиогчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэж, 2023 онд шийдвэрээ дахин баталгаажуулсан бол Дээд шүүх хоёр шийдвэрийг хэвээр үлдээжээ.



Связанные новости