Алеппогоос хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажлыг үргэлжлүүлэхийг УЗН уриалж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАЛЕППО. /Kyodo/. Сирийн хойд нутгийн Алеппо хотоос иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг нэн даруй үргэлжлүүлэхийг дайсагнагч талуудаас Олон Улсын Улаан Загалмайн Нийгэмлэг /ОУУЗН/ хүслээ.
ОУУЗН-ийн Сири дэх төлөөлөгчдийн ахлагч Марианн Гассер бямба гарагт мэдэгдэл хийхдээ “тэнд хүүхэд эмэгтэйчүүд, өвчтэй болон шархадсан хүмүүс хүйтэнд тусламж ирэхийг хүлээгээд байж байна” гэв.
Алеппогоос хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх асуудлаар аль болох хурдан тохиролцоонд хүрч, хэдэн мянган хүний амь насыг аврахыг тэрбээр холбогдох бүх талд уриалжээ.
Оросын дэмжлэгтэйгээр Сирийн Засгийн газар Алеппо хотыг бараг бүхэлд нь хяналтдаа аваад байгаа билээ.
Босогчид зэвсгээ хураалган тус хотын зүүн хэсгээс явахаар тохиролцсон юм. Босогчид болон иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажил энэ долоо хоногийн пүрэв гарагаас эхэлсэн боловч Сирийн Засгийн газар “босогчдын хүчнийхэн хэлэлцээрийг зөрчин зэвсэг авч гарахыг завдсан” гэж баасан гарагт мэдэгдээд, нүүлгэн шилжүүлэх ажлыг зогсоосон юм.
Г.Доржханд