Нийтийн тээвэрт нэвтрүүлж буй цахим картын зөрчлийг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬБНСУ-ын “Кореа Смарт Карт” компанийн Ерөнхийлөгч Чой Дэ Сан Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарт хэрэгжүүлж байгаа төслийн үйл ажиллагаатай танилцахаар манай улсад ажиллаж байна.
Өнөөдөр тэрбээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү нар түүнтэй уулзлаа. Чой Дэ Сан ” Улаанбаатар смарт карт ” компани Улаанбаатар хотын нийтийн тээврийн салбарыг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой гэж үзэж байна. Бид цаашид хамтын ажиллагаагаа хэрхэн илүү сайжруулах, “Улаанбаатар смарт карт” компаниар дамжуулан Улаанбаатар хотын нийтийн тээврийг боловсронгуй болгохыг анхаарах хэрэгтэй” гэдгээ хэлэв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “ Төлбөрийн цахим систем нийслэлийн нийтийн тээврийн системд нэвтэрсэн нь сайн зүйл. Цаашид ч үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Гэхдээ Монгол, Солонгосын нийтийн тээврийн салбар, иргэдийн амжиргаа, орчин нөхцөл өөр. Үүнийг та бүхэн зарим зүйл дээр гүйцэд тооцоолоогүй нь харагдаж байгаа. Карт борлуулах компани болон нийтийн тээврийн компани хооронд ямар эрх, үүрэг байхыг ч тодорхой болгоогүй. Бас нэг том асуудал нь картыг хаанаас авах, ямар хугацаатай, хаана цэнэглэх зэрэг нь тодорхой бус байна. Мөн хяналтын системийг компаниудад өгсөн нь буруу. Хяналтын систем тусдаа байх хэрэгтэй. Ийм дутагдлууд ажиглагдсан. Мөн солонгосын талаас системийн программ хангамжуудыг бүрэн хийж дуусаагүй байх жишжээний. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврээр зорчиж байгаа иргэдийн 40 хүрэхгүй хувь нь цахим картаар зорчдог. Энэ нь энэхүү төслийн муу талыг харуулж байгаа юм. Ерөнхийлөгч та Улаанбаатар хотод ажиллах хугацаандаа өөрийн хүмүүстээ үүрэг чиглэл өгч, зарим асуудлыг шийдвэрлээрэй гэж хүсье. Цаашид талууд хамтын ажиллагаагаа илүү тодорхой болгоход анхаарч ажиллацгаая” гэв. Ийнхүү хоёр тал картын зөрчлийг арилгах тухай ярилцлаа.
Ж.Батсайхан