Судалгаагүйгээр эдийн засагт мөнгө оруулна гэсэн өнцгөөс хувьчлалд хандаж болохгүй
МОНГОЛЫН МЭДЭЭХямралын үе дэх хувьчлалыг үр дүн муутай, үнэ цэнэгүй гэх шүүмжлэл нийгэмд бий. Эдийн засаг амаргүй байгаа энэ үед өмч хувьчлалыг явуулах нь хэр оновчтой хувилбар вэ гэсэн асуултад хариулт авахаар Эдийн засгийн сэтгүүлчдийн “Өөрчлөгч” клубээс "Өмч хувьчлалыг явуулах оновчтой шийдэл" сэдэвт ээлжит хэлэлцүүлгийг Хэвлэлийн Хүрээлэнд зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт Удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, Монголын Хөрөнгийн биржийн Үйл ажиллагаа хариуцсан захирал В.Буянмөнх, Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг, Үнэт цаас, арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Өлзий-баяр нар оролцов.
Үе, үеийн хувьчлалаар нэг хэсэг нь хөрөнгөжиж хувьчилсан газрын үндсэн үйл ажиллагаа алдагдах явдал цөөнгүй гарч байсан. Өмнөх өмч хувьчлалын алдаа дутагдал, ололт юу байсан бэ гэдэгт оролцогсод ийнхүү хариулж байна.
Үнэт цаас, арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Өлзий-баяр:
- Польшид өмч хувьчлалыг хийхдээ хамгийн түрүүнд тогтолцоо буюу хууль эрхзүйн орчныг бүрдүүлсэн. Харин монголын хувьд хууль эрхзүй орчин нь хувьчлалын араас явсан учир үр дүн өгөөгүй. Тухайн үед ямар ч хувьцааны ойлголтгүй хүмүүст хувьцаа тарааж өгсөн учир хуудуутай болсон. Өөрөөр хэлбэл суурьгүй байшин барьсантай агаар нэг юм.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт Удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ:
- Өмч хувьчлалыг явуулахдаа хэд, хэдэн зүйлд алдсан гэж дүгнэдэг. Өмнөх хувьчлалууд монголчуудад том сургамж өгсөн. Мэдээлэл дутмагаас эхлээд бэлтгэл ажил сул байсан гэж хэлж болно. Гол нь хүмүүс өмч хувьчлал ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг тухайн үед чухалчилаагүйтэй холбоотой.
Харин хөдөө аж ахуйн салбарын хувьд өмч хувьчлалыг нэлээн оновчтой явуулсан гэж боддог.
Монголын Хөрөнгийн биржийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Б.Буянмөнх:
-Тогтолцооны гажуудал өмч хувьчлалыг үр дүн багатай болгосон. Өмчийг хувьчилж авсан хүмүүс нь залгамж халааг үргэлжлүүлэхэд хайнга хандсан учир хувьчлал үр дүнгээ өгөөгүй.
- Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг:
- 1991 он бол тогтолцоо нь нурчихсан төр үндэсний үйлдвэрүүдээ авч чадахгүйд хүрээд байсан үе шүү дээ. Хувьчлалд оруулахаар бэлдсэн 430 үйлдвэрт зах зээл байхгүй болсон учир зах зээлийн шүүлтүүрээр авч явах хүмүүс нь шалгараг гээд хувьчлалын эрхийн бичгийг тараасан. Томоохон үйлдвэрүүдийн хувьцааг 7000 төгрөгийн цэнхэр тасалбараар, 3000 төгрөгийн ягаан тасалбараар жижиг аж ахуйн нэгжүүдийн хувьцааг авах нөхцөлтэй байв. Ягаан тасалбар тухайн үед гүйлгээ ухаантай хүмүүст нэлээн хэрэг болсон. Тэгэхээр цаг хугацаанд нь мэдээлэлд дүгнэлт хийж хэн түрүүлж ажилласан нь шалгардаг гэсэн зарчмыг эндээс харж болно. Тиймээс монголчууд өмнөх сургамжаасаа суралцаад цаашид алдааг давтахгүй байх нь чухал.
2017 оны улсын төсвийн орлогын гол бүрдүүлэлтийг өмч хувьчлалаас бүрдүүлэхээр төлөвлөсөн. Тухайлбал Төрийн банк, Хөрөнгийн бирж, Оргил рашаан сувилал, Монголын цахилгаан холбоо компани, Монгол шуудан компани, Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ зэрэг 7 компанийг хувьчлалд оруулахаар тусгаад буй
Өмч хувьчлалаас 170 тэрбум төгрөг олохоор төлөвлөсөн. Хямралын үед монгол нэрийн дор гадныхан хувьчилж авах вий гэсэн болгоомжлол бий. Мөн үнэ хүрэхгүй байх талтай. Тухайлбал 2014 онд Оргил рашаан сувиллыг хувьчлахаар төлөвлөсөн ч амжилтгүй болсон. Тиймээс энэ удаад алдааг давтахгүйгээр хувьчлал явуулах гарц нь юу вэ гэсэн асуултад оролцогсод өмнөх хувьчлалыг бодвол хөрс нь бий болчихсон. Гэхдээ өмч хувьчлалыг хэрхэн ямар арга замаар явуулах, төрөөс өмч хувьчлалын талаар баримтлах бодлогоо тодорхойлоогүй байж үнийг тогтоосон нь хачирхалтай. Суурь судалгаагүйгээр эдийн засагт мөнгө нэмэрлэнэ гэсэн хөөрүү сэтгэлээр асуудалд хандаж болохгүй гэдэгт шүүмжлэлтэй хандсан юм. Мөн өмнөх хувьчлал шиг шалтаг тоочиж суух цаг биш хамгийн оновчтой шийдлээр хүртээмжтэй хувьчлалыг явуулахад төр чадамжтай байх нь чухал гэдэгт санал нэгдэж байна.
Түүнчлэн Монголын аж ахуйн нэгжүүд өөрсдийн эх үүсвэрээр Төрийн өмчит компанийг хувьчилж авна гэхэд хэцүү. Тэгэхээр хувьчлал хийхэд гадны компаниуд идэвхтэй оролцох магадлалтай. Нэг мэдэхэд хүүхдүүд нь хувийн сургууль, цэцэрлэгт явдаг, гаднаас эрчим хүчээ авдаг болчих вий гэсэн айдас бий. Үүнд Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуяг хувьчлалд дотоод, гадаад гэсэн босго тогтоох нь буруу, аль болох нээлттэй байж ам.долларын урсгалыг татах хэрэгтэй гэсэн санал хэлсэн юм.
"Өмч хувьчлалыг явуулах оновчтой шийдэл" сэдэвт хэлэлцүүлгийн оролцогсод их хувьчлалыг олон нийтэд ил явуулахын тулд Хөрөнгийн биржээр заавал дамжуулах ёстой хэмээн тодотголоо.
Харин хямралын үед хувьчлал явуулах нь хэр оновчтой вэ гэдэгт мэргэжлийн багаар хувьчлалыг цаг алдалгүй эхлүүлэх ёстой, ашиггүй ажиллаж буй төрийн өмчит компаниудыг зах зээлийн зөв зарчимд хөл нийлүүлэхэд хувь нэмэр болно гэдгийг Үнэт цаас, арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Өлзий-баяр онцолсон.
Ийнхүү оролцогсод саналаа хэлж, сэтгүүлчдийн асуултад хариулснаар хэлэлцүүлэг өндөрлөсөн юм.
Дашрамд дурдахад Өмч хувьчлалын тухай хууль анх 1995 оны нэгдүгээр сарын 12-нд батлагдан гарсан. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш дотоодын үйлдвэрлэлийн 50 гаруй хувь, худалдаа, үйлчилгээний газруудыг бүхэлд нь, мал сүргийн 90 гаруй хувь нь хувийн өмчид шилжсэн түүхтэй. Тухайн үеийн хувьчлалын явцад туршлага дутаж, бодлогын зарим алдаа, зохион байгуулалтын ажлаас шалтгаалсан гажуудал үүсч байсныг мэргэжилтнүүд дүгнэдэг.
Б.Заяа
Гэрэл зургийг Б.Чадраабал