Г.Бат: Зөв менежменттэй явбал нисэхийн бус орлогоос зээлээ төлөх боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-12-12 15:50:00

Улаанбаатараас 40-өөд киллометрийн зайтай Хөшигийн хөндийд барьж буй  Олон улсын шинэ нисэх онгоцны буудлын төслийг Японы тал ирэх нэгдүгээр сарын 10-нд хүлээлгэж өгнө.

Харин монголын талаас шинэ нисэх буудлын төсөлд ямар оролцоотой ажиллаж байгаа талаар Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн ерөнхий менежер  Г.Баттай уулзаж дараах асуултад хариулт авлаа.

-Цаасан дээрх төслөөс их бүтээн байгуулалт босгоно гэдэг амаргүй ажил. Төслийн  ажлын явцын талаар яриагаа эхлэх үү?

  - Таны хэлсэнчлэн  цаасан дээрх төслөөс эхлэн энэ их бүтээн байгуулалт босох хүртэл нь холбоотой ажиллаж ирсэн. Анхны зорилго нь Буянт-Ухаа нисэх буудал агаарын ашиглалт, утааны шалтгаанаас нислэгийн зурвас 78 хувийн ашиглалттай байсан. Энэ нь нислэгийн аюулгүй байдалд нөлөөлж байна гээд шинэ нисэх онгоцны буудал барихаар төлөвлөснөөр ажил эхэлсэн.

 2006 онд уг төслийн Техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулахаар анхны үндэслэлийг гаргаж байлаа. 2009 оны 8 дугаар сард зөвлөх компаниас  зураг төслийг хийх явцад анхны төсөвлөсөн 28.8 тэрбум иен хүрэхгүй гэдэг нь тодорхой болсон. Түүнчлэн нисэх буудлыг  барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендерийн үйл ажиллагаа удааширснаас шалтгаалан төсөл 1.6 жил хойшилж байв. Харин 2013 онд гурав дахь тендер явуулснаар  Японы “Мицүбиши Чиёода” хоёр компанийн түншлэл шалгарч тухайн үед гэрээгээр хугацааг нэлээн шахаж тооцсон. Тодруулбал 2013 оны 6 дугаар сарын 25-наас эхлэн 2017 оны 1 дүгээр сарын 7-нд барилгын ажил дуусахаар төлөвлөсөн.  Албан ёсоор 1201 хоног буюу 43 сарын хугацаанд бүтээн байгуулалт хийнэ гэж зааснаар 2017 оны 1 дүгээр сарын 10-нд хүлээлгэж  өгөхөөр ажиллаж байна.

-Анхны төлөвлөсөн ТЭЗҮ-ээс санхүүжилт яагаад нэмэгдэв?

- 2013 оны тавдугаар сард ерөнхий гүйцэтгэгч "Мицүбиши Чиёода” түншлэлтэй 49.5 тэрбум иенийн гэрээ байгуулсан. Бүр анхны 28.8 тэрбум иений зөрүү 20.7 тэрбум иенийг 2013 оны дөрөвдүгээр сард УИХ-аар хэлэлцэж шийдсэн. Мөн өнгөрсөн жил Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрээр нэмэлт хөрөнгө оруулалтыг шийдлээ. Нэмж зээл авсан учир 5.9 тэрбум иенийн нэмэлт ажил оруулан  нийт 65.6 тэрбум иенийг гэрээт ажилд зарцуулахаар болсон. Гэрээнд зөвлөх компани, ерөнхий гүйцэтгэгч, нийт бараа үйлчилгээний 30-аас доошгүй хувийг Японоос  худалдан авахаар тусгасан. ТЭЗҮ-д шатахууны агуулах барих, зурвасны голоор гэрэл тавих зэрэг хэд хэдэн ажлыг нэмж хийх болсноор хөрөнгө нэмэгдсэн.

-Яг ямар нисэх онгоцны буудал ашиглалтад орж байгаа вэ гэдгийг иргэд нэлээн сонирхож байгаа?

-Шинэ нисэх буудал нийт 1200 га талбайтай бөгөөд “БОИНГ 747”, “АЗЗО” зэрэг тив алгасан нисдэг том ангиллын онгоц хүлээж авах боломжтой. Зорчигч хүлээн авах танхим нь 37 мянган ам.метр талбайтай, жилд 3-5 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай. Зурвас нь хоёр талаасаа чөлөөтэй буух боломжтой. Нэг тал нь бүрэн тоноглогдсон. Зурвасын хийц нь 40 см зузаан төмөр бетон хийцтэй учир өндөр даацтай гэсэн үг. Зургаан хүзүүвчтэй бөгөөд  тав  нь олон улсынх нэг нь орон нутгийнх юм. Зогсоолын хувьд 21 онгоц багтана. Зорчигч үйлчилгээний барилга шилэн пасад бүхий төмөр хийцтэй. Нэг талдаа хоёр, нөгөө талдаа гурван давхар байхаар газрын хэвлийг тооцоолж хийсэн. Нисэх хөдөлгөөний удирдлагын цамхаг, Гал унтраах, авран хамгаалах албаны барилга, цахилгааны үндсэн дэд өртөөнүүд, бие даасан цэвэр, бохир усны хангамжийн байгууламж дулааны зуух болон 1490 метр урт инженерийн шугам сүлжээний хонгил, үерээс хамгаалах далан зэргийг барьж байна.

-Нисэх буудлыг өргөтгөж таван саяас дээш зорчигч авах боломжтой газрыг нөөцөлсөн гэсэн. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу. Мөн хот төлөвлөлтийг ТЭЗҮ-д хэрхэн тусгасан бэ?

-Шинэ нисэх буудлын хүчин чадал гурван сая хүнд үйлчилнэ. Ирээдүйн төлөвлөлтийн хувьд анхны зураглал буюу  2006 онд 2024 онд гурван сая зорчигч хүрнэ гэсэн тооцоо гаргасан. Харин 2012 оны зураглалаар 2024 он гэхэд зорчигч гурван саяас дээш гарна гэж тооцоолсон юм. Иймд зураг төсөлдөө ирээдүйн төлөвлөлтөө тусгах хэрэгтэй гэж үзээд, барилгаа өргөтгөх боломжтой газрыг сонгосон. Тодруулбал нисэх буудлын хоёр талд өргөтгөх боломжтой буюу 20 хүзүүвч хийх газар нөөцөлсөн. Одоогоор барилгын зориулалтаар 1200 га газар эзэмшиж байгааг 2600 болгохоор Засгийн газрын тогтоол гарсан. Түүнчлэн ирээдүйд ложистик хөгжүүлэх гэх мэтэд зориулан газраа нөөцөлсөн. Нисэх буудал ашиглалтад ороход 2000 гаруй хүний ажлын байр бий болох тооцоо гарсан. Мөн  нисэх буудлын ойролцоо 100 мянган хүн амтай хот бий болно хэмээн тооцож байгаа.

-Монгол улсын шинэ нисэх буудлын зээлийн эргэн төлөлтийн нөхцлийн тухайд?

- Өмнөх зээл нь 40 жилийн хугацаатай, эхний 10 жил  нь хүүгүй.  Жилийн хүү нь 0.2 хувь, зөвлөх үйлчилгээнд 0.01 хувийн нөхцөлтэй зээл юм. Харин  хоёр дахь зээл нь 0.1 хувийн хүүтэй учир сайн нөхцөлтэй зээл гэж хэлж болно. Эдийн засгийн хүндрэл, инфляци, үнийн өөрчлөлтийг харгалзаж  ажлын зардлыг өндөр тавьж өгсөн учир эрсдэл багатай.

 -Дэлхийн хэмжээний нисэх буудлын төсөлд дотоодын хичнээн компани оролцов ?

- Японы санхүүжүүжилтээр эхэлсэн төслийг "Мицүбиши Чиёода” түншлэл удирдаж ерөнхий туслан гүйцэтгэгчээр Солонгосын “Самсунг Си энд Ти” корпораци ажилласан. Төслийн бүтээн байгуулалтад 50 гаруй компани ажилласаны  70 гаруй хувь нь Монголын аж ахуйн нэгжүүд. Барилгын талбайд ажиллаж буй 4000 гаруй хүний 80-аас дээш хувь нь монголчууд  байгаа. Гэрээ хийх явцад тухайн үеийн ерөнхий сайд орон нутгаас 500 хүн ажиллуулна гэсэн. Бодит байдал дээр орон нутгаас ихэнхдээ туслах ажилчин авсан учир  дээрх тоонд хүрээгүй.

-Ингэхэд монголчууд дэлхийн хэмжээний том төсөл дээр ажиллаад хэр туршлагажив?

- Төслийн бүх ажил бичиг баримтаар явдаг.  Эхэн үед дотоодын компаниуд төслийн бичиг баримтын хөтлөлт, төслийн хяналт дээр сул  байсан. Гэрээ байгуулахдаа хуумгай хандаж, алдаа гаргадаг байлаа. Харин сүүлдээ төслийн бичиг баримтыг сайн боловсруулж сурсан. Ерөнхий гүйцэтгэгч нь Япон, туслан гүйцэтгэгч нь Самсунг, доор нь монгол компани гэсэн дарааллаар ажил явж ирлээ. Зөвлөх компани чанарт хяналт тавьдаг. Монгол хүний хийснийг Солонгосын “Самсунг Си энд Ти” корпораци шалгасаны дараа  Японы компани хяналт тавьдаг. Энэ бүхнийг давж гарсан учир дотоодын компани цаашдаа томоохон төсөлд орж ажиллах бүрэн чадамжтай болсон гэж дүгнэж байна.

-Хичнээн монгол инженер энэ бүтээн байгуулалтад оролцож байна вэ?

-Манай төсөл  хэрэгжүүлэх нэгж 27 хүний бүрэлдэхүүнтэй, үүний 10 гаруй нь  инженер юм. Мөн “Самсунг Си энд Ти” компанид 50-60, зөвлөх компанид  70-80 монгол инженер ажиллаж байна.

-Шинэ нисэх буудлын барилгын ажлыг  2017 оны нэгдүгээр сард хүлээлгэн өгнө. Харин бүрэн хүчин чадлаар хэзээнээс ажиллаж эхлэх вэ?

-Барилгыг хүлээлгэж өгсний дараа ИНЕГ зөвшөөрөл, олон улсын кодоо авч үйлчилгээ эхлэх учиртай. Үйл ажиллагааг жигдрүүлэх санхүүжилт, тоног төхөөрөмж, тохижилт, цалин хөлс, менежмент гээд үйлчилгээ үзүүлэхэд нэлээн хөрөнгө шаардана. Тиймээс ойролцоогоор хагас жилийн хугацаа шаардах болов уу.

-Нисэх буудлын менежментийг авч явахаар Японы компаниуд саналаа ирүүлсэн. Таны хувьд менежментийг гадны компаниар удирдуулах нь хэр оновчтой хувилбар вэ?

- Японы томоохон компаниуд консерциум байгуулан манай нисэх буудлыг авч явах хүсэлтээ 2013 онд тавьсан. Жайка олон улсын байгууллагаас  энэ чиглэлийн судалгаа ч хийсэн юм билээ. Судалгаа хийн концессын асуудлаар ажлын хэсэг байгуулан хэлэлцээрт ороод явж байсан. Харин шинэ Засгийн газар гарсантай холбоотой түр  хойшлоод байгаа  гэсэн. Хувь хүнийхээ хувьд Японы менежменттэй байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл манай улсын хувьд сонгууль, улс төрийн амлалт, томилгооноос болж бодлого алдагдах, тогтворгүй байдал үүсэх учир менежмент нь Японых байсан нь дээр гэж бодож байна.

-Олон улсын нисэх буудлууд нисэхийн бус орлогодоо нэлээн анхаардаг. Манай улсын хувьд хэр анхаарах юм бол. Танд энэ чиглэлийн мэдээлэл байна уу?

-Урьд нь нисэх онгоцны менежментэд аюулгүй байдлыг чухалчилдаг байсан. Одоо аюулгүй байдал дээр бодит үнэ, үйлчилгээнд анхаарал хандуулах болсон. Японы буудлууд нисэхийн бус орлого нь 60 хувиас дээш байх жишээтэй. Гуанз, ресторан, галерей, болзооны газар гэх мэт маш олон янзын үйлчилгээгээр орлогоо олж ашигтай ажилладаг. Ийм менежмент манайд орж ирвэл төсөвт ачаалал ирэхгүй, зээлээ төлөх боломжтой гэж үзэж байна.

Б.Заяа

 Гэрэл зургийг Б.Чадраабал

Связанные новости