Ц.Дашдорж: Үндэсний компаниудыг Тавантолгой төсөл дээр түлхүү оролцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-12-09 15:50:04

Засгийн газраас Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүйтэй гэдэгт саналаа нэгтгэсэн. Тэгвэл үүнийг ажил хэрэг болгох уулзалт Уул уурхай хүнд үйлдвэрийн яаманд өнөөдөр боллоо.  

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан 19 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийнхэн  Хятадын төрийн өмчит “Шинхуа” группын удирдлагуудтай уулзсан юм.

УУХҮ-ийн сайд, ажлын хэсгийн ахлагч Ц.Дашдорж уулзалтын эхэнд  Засгийн газраас Тавантолгой төслийг ордын олборлолт, борлуулалт, төмөр зам төдийгүй Өмнөговь аймгийн бүс нутгийн бүтээн байгуулалттай хамт цогц байдлаар шийдэх байдлаар хэлэлцээрийг үргэлжлүүлэх бодлого барьж байгаагаа илэрхийллээ.

 "Шинхуа" группын дарга Лю Бин хэлэхдээ, “Тавантолгойн төслийн тендерт хоёр  удаа оролцож ялалт байгуулсан. Монголын талын ажлын хэсэгтэй хэлэлцээрээ үргэлжлүүлж, Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтой байгаагаа уламжилъя” хэмээн онцлов. 

Дашрамд дурдахад ажлын хэсгийнхэн  Тавантолгойн төсөлд оролцох боломжтой үндэсний олборлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл 10 компанийн удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзаж, үндэсний олборлогч компаниуд бүтээн байгуулалтын ажилд хэрхэн оролцох, ямар нөөц боломж байгаа талаар санал солилцох юм. 

Уул уурхай, хунд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж сэтгүүлчдийн асуултад ийнхүү хариулт өглөө.

-Шинхуа групптэй ямар асуудалд төвлөрч ярилцав аа. Тавантолгойн тендерт шалгарсан хөрөнгө оруулагч дахин гэрээ хийх нь гэж ойлгож болох уу?

 - Тавантолгойн төслийн нэг талын хөрөнгө оруулагч буюу Хятадын Шинхуа группын төлөөлөлтэй уулзлаа. Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг уулзалтаар хөндсөн. Тус групптэй хэд, хэдэн удаагийн уулзалт, хэлэлцээг зохион байгууллаа. Монгол Улсад үлдэх өгөөжийн талаар ярилцаж байна. Тавантолгойн төслийг хөдөлгөх энэ удаагийн хэлэлцээр нь өмнөхөөс юугаараа давуу байх  вэ гэдэгт анхаарч байна.  Тавантолгойн төслийг хөдөлгөх хэлэлцээрийг ямар нөхцлөөр явуулах вэ гэдэг нь тодорхой болно. Үйл явцын мэдээллийг ил тод мэдээлнэ.

-Засгийн газраас хөрөнгө оруулагчдад шинээр ямар нөхцөл шаардлага тавих вэ?

-Ямар шаардлага тавьж байгааг дотоодын компаниудтай уулзалт хийсний дараа олон нийтэд мэдээлнэ. Үндэсний компаниудыг Тавантолгой төсөл дээр түлхүү байр суурьтай оролцуулах бодолтой байгаа.

 Б.Заяа

Связанные новости