Роналду 63 сая еврогийн орлогоо оффшор бүсэд нуужээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
sarnai@montsame.mn
2016-12-03 15:48:57

БЕРЛИН./TASS/. Мадридын “Реал” багийн тоглогч Криштиану Роналду хэдэн жилийн турш Виржинийн арлууд дахь оффшор бүсийн компаниудын тусламжтайгаар их хэмжээний орлогоо татвараас нууж байжээ. Энэ тухай Германы "Шпигель" сэтгүүлд Footbal leaks гэдэг платформын мэдээллээс иш татан бичсэн байна.  

Роналду зар сурталчилгаанаас олсон 75 сая еврогоо дээрх компаниудаар дамжуулан оффшорт байршуулжээ. Тодруулбал, 2015-2020 онд хэрэгжих зар сурталчилгааны гэрээ хэлцлүүдээс олох мөнгөө Роналду 2014 оны орлогын мэдүүлэгтээ тусгасан байна. Тухайн онд тэрбээр Испанид татварын хөнгөлөлтөд хамрагдаж байжээ.  Ингэснээр нийт 63,5 сая еврогийн орлогоо татвараас нуусан  бололтой. Энэ бүх ажиллагааг Роналдугийн санхүүгийн менежер Жорже Мендеш гүйцэтгэсэн аж.

“Шпигель” сэтгүүл "Footbal leaks" платформтой хамтран 1,9 терабайтын багтаамж бүхий оффшор данстай холбоотой 18 сая ширхэг баримт бичгийг ойрын үед нийтлэх гэж байгаа гэнэ. Эдгээр баримт нь Европын хөлбөмбөгийн томоохон клубуудын менежерүүд болон хөлбөмбөгчдийн орлогын талаарх мэдээлэл юм. Тухайлбал, Германы хагас хамгаалагч Месут Озил, Португалын дасгалжуулагч Жозе Моуриньо нарын зэрэг олон хүний мэдээлэл байгаа аж.

"Football Leaks"-ийн материалууд нийтлэгдэхийн өмнөхөн Жорже Мендешийн компани мэдэгдэл хийж "Роналду, Моуринью нар Испани болон Их Британийн татварын албадын өмнө хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж байсан" гэж дурджээ.

Х.Сарнай

Связанные новости