Валютын ханш өсөх нь импортын бараанд хориг тавьж, дотоодын үйлдвэрүүдийг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunzaya@montsame.mn
2016-12-02 11:08:40

Жилд Монгол Улс 8-10 сая мал нядалдаг гэсэн судалгаа гарсан. Дээрх малын арьсны 10 орчим хувийг гүн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байна. Монголчууд арьс ширээ эцсийн бүтээгдэхүүн болгоход хэрхэн анхаарч байгаа талаар Арьс ширний үйлдвэрлэлийн  холбооны гүйцэтгэх захирал Т. Баярсайхантай ярилцлаа.

-Сант Марал сангийн судалгаагаар Татвар, Гааль, МХГ хүнд суртал ихтэй, авлигад өртөмтгий хэмээн гарсан. Арьс ширний үйлдвэр компаниудад дээрх байгууллагуудтай хамтран ажиллахад ямар хүндрэл үүсч байна вэ?

-2012-2016 оны гадны байгууллагуудын гаргасан судалгаагаар төрийн байгууллагуудад хүнд суртал их байгааг онцолжээ. Үнэндээ хаана бизнесийг хүндрүүлж байна тэнд авлига явж байдаг. Монгол Улсаас малын гаралтай түүхий эд боловсруулан экспортлоход үйлдвэрлэгчид гурван төрлийн бичиг баримт бүрдүүлдэг. МХЕГ-ын Химийн мэргэжлийн  хяналтын газрын тодорхойлолт, Стандартчилал хэмжил зүйн төвөөс  Монгол Улсын стандартыг хангасан байна гэх бичиг нөгөө нь үйлдвэрлэсэн газрын тодорхойлолт буюу гарал үүслийн гэрчилгээг  МҮХАҮТ-аас авдаг. МҮХАҮТ-аас дээрх бичгийг онлайнаар авах боломж бүрдсэн. Харин МХЕГ-ын Химийн мэргэжлийн  хяналтын газраас авдаг бичигт 3-5 хоног зарцуулж байна. Тодруулбал бизнес эрхлэгчид экспорт хийх хүсэлт тавихад МХЕГ-ын дарга, хэлтсийн дарга, мэргэжилтэн гээд  хэд, хэдэн дамжлага дамжсан  цохолт хийдэг. Лабораторийн шинжилгээг үндэслэж олгодог бичгийг хугацаа хожиж авахын тулд бизнес эрхлэгчид мөнгө  өгөхөд хүрдэг.

Бизнес эрхлэгчдийн хувьд цаг алт шүү дээ. Гадны компанитай гэрээ хийсэн бол тухайн цаг хугацаанд л гарах ёстой. Гэтэл төрийн байгууллагуудын хүнд суртлаас болж гадагшаа бүтээгдэхүүнээ гаргахаар гэрээ хийсэн цаг үеэс хоцорч эдийн засгаараа хохирсон цөөнгүй бизнес  эрхлэгчид бий. Тухайлбал Монгол шевро компани Итали руу арьс экспортлох гээд МХЕГ-ын бичиг нь гарахгүйгээс болж ачилт хийх байсан машин нь хоосон гарч байсан удаатай. Гэрээгээ мөрдөөгүйгээс болж бүтээгдэхүүнээ тухайн зах зээлийн ханшаас доогуур өгсөн тохиолдол ч бий. Хугацаа алдана гэдэг бол бизнесийнхэнд мөнгө алдаж байна гэсэн үг. Монгол Улс ийм тогтолцоотой явбал үеийн үед авлига байсаар байна. Авлигаас ангижирахын тулд юун түрүүнд дээрх хүнд суртлаас салах хэрэгтэй. Мөн сайн үйлдвэрлэгч болох ёстой.

-Сайн үйлдвэрлэгч болохын тулд Монгол Улс цаашид юу хийх ёстой вэ?

- Хоёр хөрштэйгээ илүү сайн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа сайжруулах ёстой. Нөгөөтэйгүүр Монгол хүн бүр ажил, орлоготой болох хэрэгтэй байна. Төрийн бодлогоор дотоодын зах зээлийг хамгаалах, сайжруулахад анхаарах ёстой. Дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг борлуулах зөөлөн дэд бүтцийг бий болгохгүй бол олсон валютаа гадагшаа гаргасаар байвал улс орон хөгжихгүй. Манай улс нойлын цааснаас эхлээд шатахуунаа хүртэл гаднаас импортолж байна шүү дээ.

-Япон улстай эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хэлэлцээрийн хүрээнд арьс ширний салбарынхан бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг хэр эрэлхийлэв?

-Ер нь  ноолуурын салбараас бусад нь дэлхийн зах зээлд гарч чадахгүй байна. Экспортыг ярихын тулд үндэсний үйлдвэрүүд эхлээд дотооддоо тоглогч болох ёстой. Төр засгийн зүгээс  экспортыг дэмжихийн тулд юу хийх гээд байгаа нь тодорхойгүй байгаагаас үүдэн арьс ширний салбарт ахиц гарсангүй. Өнөөдөр малын гаралтай түүхий эдийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож дотоодын хэрэглээг хангасаны дараа экспорт ярих нь зүйтэй. Арьс ширээ боловсруулаад цүнх, гутлынхаа хэрэгцээг 100 хувь хангасаны дараа гадагшаа гаргах нь дөхөмтэй. ОХУ, Хятад улс руу эцсийн бүтээгдэхүүн гаргахад малын гаралтай түүхий эдээр хийсэн бүтээгдэхүүн гэдгээрээ 40 хувийн Онцгой албан татвар төлдөг. Үүнийг төрийн дээд хэмжээнд зохицуулах цаг нь болсон. Ингэсний дараа нарийн стандарттай Япон руу бүтээгдэхүүн гаргах талаар ярих нь зүйтэй болов уу. Арьс ширний салбарын хувьд түншлэлийн хэлэлцээрээс өмнө Япон руу Монгол үхэр, сарлагын арьсаар хийсэн цүнх гаргасан. Одоо Япон руу арьс ширний салбарын бүтээгдэхүүнийг татвар төлөөд гаргаж байгаа. Хэлэлцээрийн хүрээнд үе шаттай буюу гурван жилийн зайтай татвар багасаад явах юм билээ.

- Дотоодын гутлын хэрэгцээг 100 хувь хангадаг болохын тулд ямар бодлого баривал зохилтой вэ?

- Импортоор таван хувийн татвартай гутал орж ирж байна. 2015 онд Гаалийн байгууллага 189 мянган гутлаас л татвар авсан байх жишээтэй. Энэ гаалийнхны буруу биш тогтолцооны гажиг юм. Тиймээс лангуун дээр тавиад зарж буй гутлыг татвар төлсөн үү гэдгийг тодорхойлдог систем рүү бид явах ёстой. Гаалиар хүн нуудаг бол лангуун дээр гутлаа ил тавиад зардаг шүү дээ. Өндөр хөгжсөн дотоодын зах зээлээ хамгаалдаг орнууд лангуун дээр нь шалгадаг. Үүнийг л бид хийх ёстой. Нөгөө талдаа их хэмжээний хуурамч бараа бүтээгдэхүүн орж ирж байна. Мөн комиссын нэртэй муугаар ярих юм бол монголчууд гадны үхсэн хүний гутал хувцас өмсөөд явж байна. Хүмүүс ядуу байгаа учраас комиссын бараа өмсөж байна гэж хэлэх байх. Гэхдээ ядуу байгаад комиссын хулдаасан гутал өмсөх юм уу. Ажил орлоготой байгаад  100 мянган төгрөгийн арьсан гутал өмсөх үү гэсэн заагт монголчууд ирлээ. Үнэндээ коммисын гутал, хувцасыг татвартай болгочихвол орж ирэх нь багасана. Ингэснээр 100 мянган төгрөгийн дотоодын гутлын худалдан авалт  нэмэгдэхийн хэрээр үйлдвэрүүдийн үйл ажиллагаа тэлнэ. Үйлдвэрт ажлын байр нэмэгдсэнээр монгол хүн ажил орлоготой болно. Тиймээс дотоодын үйлдвэрүүдээ босгохын тулд төрийн зохицуулалт л чухал байна. Үнэндээ экспортод бүтээгдэхүүн гаргахыг төр дэмжинэ гэсэн хэрнээ сая 90 дүгээр тогтоолоор арьс ширийг түүхийгээр гаргах шийдвэр гаргачихлаа. Ийм эсрэг тэсрэг бодлого байж болохгүй биз дээ. Гол нь төр шийдвэр гаргахдаа мэргэжлийн байгууллагуудтай хамтарч нэг талаас бус олон өнцгөөс асуудалд хандвал иргэдэд өгөөж нь ирнэ. Мөн төрийн залгамж халаа үгүй болчихлоо. Нэг дарга ирээд өөрийнхөө бодлоор  шинэ ажил эхэлдэгээ болих хэрэгтэй. Гол нь тэд өмнө  хийсэн ажлыг юун дээр алдав гэдэгт дүгнэлт хийгээд сайжруулах систем рүү явбал улс орны хөгжил дөтөлнө. Дээрх гажгаас салахгүй бол сайн үйлдвэртэй болоход хол.

- Халуун оронд очиход манай арьсан бүтээгдэхүүнээс үнэр гараад байдаг. Технологийн хувьслыг арьс ширний салбарынхан хийж чадаж байна уу?

- Хүмүүс янз бүрээр ярьдаг. Өнөөдөр арьс шир боловсруулах 30 гаруй үйлдвэр, бэлэн бүтээгдэхүүний 100 гаруй үйлдвэр бүгд сайн ажиллаж байна гэж хэлж чадахгүй. 10 цаг явах ёстой технологийн  дамжлагыг 8 цаг хийхээс эхлээд ажилд хандаж буй хандлагаасаа болж алдаж буй зүйл бий.  Гэхдээ 2006 оноос хойш арьс ширний хагас боловсруулалт Европын түвшинд хүрчихсэн шүү. Прада брэндийн цүнхийг монгол арьсаар хийж байна. Экогийн гутлыг сарлагийн арьсаар хийдэг дэвшлүүд гарчихлаа. Тиймээс сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үйлдвэрүүдээ төрөөс татварын  бодлогоор дэмжвэл энэ салбар нэлээн урагшилна.

- Монгол Улс жилд хэдий хэмжээний арьс шир боловсруулж байна. Үүнээс хичнээн хувь нь бэлэн бүтээгдэхүүн болдог вэ?

-Манай холбооны судалгаагаар 6-7 сая мал нядалдаг гэж гарсан. Эдгээр малын  10 гаруй хувийг гүн боловсруулж, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.  2013 онд Монгол Улс 1.3 сая хос гутал үйлдвэрлэж байв. Харин 2014-2016 онд энэ тоо 2 дахин буурсан. Манай гутлын салбарын гол хэрэглэгч бол ОХУ юм. Рублийн ханш унасан учир Орос руу гутал гаргахад ямар ч ашиггүй болсон. 40 хувийн татварын цаана гарч чадахгүйгээс болж ганзагаар зөөдөг монголчуудад хүндрэлтэй байсан  учир үйлдвэрлэлийн тоо эрс буурсан.

- Дотоодын компаниудын бүтээгдэхүүний хийц загвар хоцрогдсон төдийгүй импортын гутлаас үнэтэй байна хэмээн иргэд шүүмжилдэг. Арьс ширний салбарын эцсийн бүтээгдэхүүн хэр орчин үетэйгээ хөл нийлүүлж байна?

- Нэг талаасаа тантай санал нэг байна. Импортын гутлын хувьд үнэ хямд төсөр ч чанарын хувьд тааруухан шүү дээ. Арьсны боловсруулалт муу, химийн бодисыг нь хэмнэсэн гээд асуудал бий. Харин манайд гар аргаар гэртээ хийсэн гутлуудыг худалдан авсан хүмүүс  шүүмжлэл гаргаж байгаа. Гэрт үйлдвэрлэж буй хүмүүсийн хувьд  мэдээж бүх хийц нь гар аргаар хийдэг учраас нарийн стандартыг хангадаггүй. Үүнээс болж  гутлын салбарын нэр хүнд  унах явдал бий. Нөгөө талаасаа ноолуурыг өнөөдөр  гар аргаар  гэртээ үйлдвэрлэдэггүй. Харин гутлыг гэртээ хийж байна. Үйлдвэрүүд өнгө, дизайн, маркетингийн чиг хандлагаа тодорхойлохын тулд бүхэл бүтэн баг ажиллуулж байна. Харин гэртээ хадаас амандаа зуучихаад гутал хийж байгаа хүнд юуных нь загварын чиг хандлага, стандарт  байх  вэ дээ. 40 хэмд хатаах стандарттай байхад гэрт тийм боломж байхгүй шүү дээ. Тиймээс үйлдвэр, гар аргаар хийж буй гутлын ялгарлыг эндээс дүгнэж болно. Өнөөдөр үндэсний үйлдвэрийн гутлыг бүх цагдаа нар өмсөж байна. Бидэнд гоё гутал хэрэгтэй юу. Эсвэл хэдэн жилийн дөрөө даах дулаан гутал хэрэгтэй юу гээд асуудал ургана.

-Үндэсний үйлдвэрүүдийг хувьчилсанаар Монгол Улс  импортын бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ орлох болсон. Үүнийг хүн бүр янз бүрээр шүүмжилдэг. Таны хувьд ямар хариулт өгөх вэ?  

 -Цагтаа Монгол Улс Орос руу 280 мянган  нэхий дээл экспортолж байлаа гээд яривал урт түүх болно. Монгол Улс хувьчлал хэмээх нэрээр томоохон үйлдвэрүүдээ хонгилд гаргачихсан шүү дээ. Хонгилоосоо гарах гээд 26 жил зовж байна. Үнэндээ байгаа зүйлээ устгачихаад суудаг манайх шиг улс дэлхийд байхгүй.

-Ам.долларын ханшийн өсөлт арьс ширний салбарт хэр нөлөөлж байна?

-Мэдээж нөлөөлөлгүй яахав. Импортлогч орны гай гарч л байна. Гутлын цавуунаас эхлээд цөөнгүй түүхий эдийг бид гаднаас авна шүү дээ. Гэхдээ хувь хүний зүгээс хэлэхэд ам. долларын ханшид төр засаг оролцолгүйгээр зах зээлд нь даатгамаар байгаа юм. Магадгүй 4000 төгрөгт хүрэх байх. Валютын ханш өсөх нь нэг талдаа импортын бараанд хориг болж, дотоодын үйлдвэрүүдийг дэмжих сайн талтай.

Б.Заяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

   

Связанные новости