“Приус”-ээ халааж байгаад шатжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬМанай улсын нийт нутгаар олон жилийн дунджаас дээш хэмд хүрэн хүйтэрч байна. Хүйтний эрч эрс чангарснаас авто машинаа халаах гээд угаартаж нас барсан хэрэг гарах болов.
Өнгөрсөн 7 хоногт Өвөрхангай аймагт машинаа халааж байгаад угаартаж, хоёр хүн автомашинтайгаа шатсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ сарын 11-12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Сант сумын нутагт машин шатаж байна гэх дуудлагаар цагдаа болон тус аймгийн онцгой байдлын алба хаагчид хэргийн газарт очиход жалга руу онхолдсон “Приус” маркийн автомашин шатаж байжээ. Галын улмаас Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харъяат, 37 настай М, 41 настай Д нар шатаж, газар дээрээ амь насаа алдсан хэргийг Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Машин нь онхолдсон ч халааж байхдаа доторх хоёр хүн утаанд угаартаж улмаар гал асахад хүрснээс амь насаа алджээ. Шүүх шинжилгээний хүрээлэнгээс хийсэн урьдчилсан шинжилгээгээр автомашинд гал гарсан шалтгааныг техникийн бүрэн бүтэн байдал хангаагүйгээс үүдсэн хэмээн дүгнэжээ.
Ж.Батсайхан