Тодорхой тооны хуульчдыг ахисан түвшний сургалтад хамруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид Нидерландын Хаант Улсын Гааг хотноо төвтэй Арбитрын байнгын шүүхэд энэ сарын 5-нд зочилж, тус шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марчин Сзебелактай уулзлаа.
ХЗДХЯ-ны мэдээлснээр, уулзалтын эхэнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулж, хувийн эрх зүйгээр мэргэшсэн монгол хуульчдыг бэлтгэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Арбитрын байнгын шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марчин Сзебелак монголын хуульчдын хэрэгцээ шаардлагад нь нийцсэн богино, дунд хугацааны сургалт, семинарыг Улаанбаатар хотноо, эсхүл Гааг хотноо зохион байгуулах, түүнчлэн тодорхой тооны хуульчдыг ахисан түвшний сургалтад хамруулахыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Арбитрын байнгын шүүхийг 1899 онд Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай Гаагийн конвенцын дагуу Гаагийн энх тайвны анхдугаар бага хурлаар байгуулсан.
Одоогоор дэлхийн 126 улс орон уг байгууллагад гишүүнээр элссэн юм. Монгол Улс 2019 онд гишүүн улс болж байв.

Ulaanbaatar