Өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад бэлтгэл ажлыг хангаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-12-11 14:49:13

Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Хүйтний эрч чангарч, зарим аймагт өвөлжилт хүндэрч эхэлсэнтэй холбоотой Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг Улсын онцгой комиссын шуурхай хуралдааныг зарлаж, 21 аймгийн удирдлага, холбогдох албаны хүмүүстэй цахим хурал хийн үүрэг, чиглэл өглөө. 



Нутгийн баруун хагаст өнөөдөр, өмнөд хэсгээр маргааш цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурахаас гадна ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхааруулсан.


Хуралдаанаар өвөлжилт хүндэрч эхэлсэн аймгуудад улсын нөөцөөс өвс, тэжээл олгох хуваарь гаргаж, бэлтгэл ажлыг хангаж байгааг мэдээллээ. Хурлын эхэнд Шадар сайд ихэнх аймаг гамшгийн эрсдэлийг бууруулах зардлыг орон нутгийн төсөвт тусгасныг сайшаан, өвөлжилт хүндрэх шинжтэй аймгуудад нэгдүгээр сарын 10-20-нд газар дээр нь ажиллах төлөвлөгөөтэй байна гэв. Мөн өнгөрсөн өдрүүдэд улсын нөөцөөс 47 суманд түлш шатахуун илгээснээр Баруун бүсийн аймгуудын түлш, шатахууны нийлүүлэлт хэвийн болсныг хэллээ. Харин бусад аймаг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамтай холбогдон шаардлагатай зохицуулалт хийхийг үүрэг болгожээ.


Цаг уур, орчны шинжилгээний газрын хэлтсийн дарга Л.Оюунжаргал, “Энэ өвөл зүүн аймгуудын нутгаар хур тунадас олон жилийн дунджаас ахиу, баруун аймгуудын хойд хэсгээр мөн ахиу хур тунадастай. Бусад нутгаар олон жилийн дунджийн орчим гэх урьдчилсан төлөвтэй бөгөөд дунд болон их эрсдэлтэй бүс нутагт зудын эрсдэл нэмэгдэх хандлагатай байна” гэв.


Хурлын төгсгөлд Шадар сайд аймгуудын засаг дарга нарт цаг уурын байгууллагын аюулт үзэгдлийн сэрэмжлүүлгийг иргэдэд шуурхай хүргэж, шаардлагатай тохиолдолд авто замын хөдөлгөөнийг хязгаарлан урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, отор нүүдлийн зохион байгуулалт, малчдын судалгааг нарийвчлан тодотгож, мэдээллийн нэгдсэн ойлголтыг ханган ажиллах үүрэг өгөв. Мөн төрийн үйлчилгээг хүндрэлгүй хүргэх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, сурагчдын хичээлийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах, цасан шуурга, аюулт үзэгдлийн үед хариу арга хэмжээний төлөвлөлт, техник хүн хүчний бэлэн байдлыг хангах, зудын эрсдэлийг бодитоор үнэлэн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж, өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийг бүрдүүлэх, шатахууны тээвэрлэлтийг жигдрүүлж нөөцийг тасралтгүй хангах үүрэг өгчээ.





Связанные новости