Гадаадын долоон байгууллагын зөвшөөрлийг цуцалжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 11 /МОНЦАМЭ/. Гадаадын иргэн, харьяатын газар нь олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг.
Энэ хүрээнд “Олон улсын болон гадаад улсын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газарт Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох, үйл ажиллагаанд нь хяналт тавих журам”-ын дагуу долоон байгууллагад олгосон Монгол Улсад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгожээ. Тодруулбал, БНХАУ-д төвтэй “ӨМӨЗО-ы Баяннуур хотын худалдааг дэмжих хороо, БНСУ-д төвтэй “Азийн соёл хөгжлийн институт”, “Олон улсын хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны сүлжээ” АНУ-д төвтэй “Ворлд лернинг”, “Friends of Mongolia”, ОХУ-д “Бид самбынхан”, “Армийн гардан тулааны биеийн тамир, спортын холбоо” зэргийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцаллаа.
Монголд өнөөдрийн байдлаар 76 олон улс болон гадаадын төрийн бус байгууллагын салбар, төлөөлөгчийн газар ажиллаж байна.
Ulaanbaatar