Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Арбитрын байнгын шүүхэд зочлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид Нидерландын Хаант Улсын Гааг хотноо төвтэй Арбитрын байнгын шүүхэд энэ сарын 5-нд зочилж, шүүхийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марчин Сзебелактай уулзав.
Уулзалтын үеэр Хууль зүй, дотоод
хэргийн сайд Б.Энхбаяр манай улс “Эрх зүйн шинэтгэлийн II хөтөлбөр”-ийн хүрээнд
хувийн эрх зүйн салбарыг хөгжүүлэх, бизнес, гадаад дотоод худалдаа болон
арилжааны эрх зүйн таатай орчныг бий болгох, хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх
зүйн орчныг бүрдүүлэх зэрэг асуудлыг тусгайлан тусгаж буйг хэлэв. Хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадаад дотоод худалдаа өргөжиж байгаа энэ үед талууд аливаа
маргааныг гуравдагч улсын арбитрын шүүхээр, түүнчлэн хямд өртгөөр, түргэн
шуурхай шийдвэрлүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлагын үүднээс төр болон хуулийн
этгээд хооронд үүсэх хэрэг маргааны харьяаллыг Арбитрын байнгын шүүх
байхаар тогтоолгох, олон улсын хувийн эрх зүй, тэр дундаа хөрөнгө оруулалт,
худалдаа, татварын эрх зүйгээр мэргэшсэн чадварлаг хуульчдыг тасралтгүй
бэлтгэх, арбитрын маргааныг шийдвэрлэх чиглэлээр төрийн холбогдох байгууллагуудын
албан хаагчид, хуульчид бэлтгэхэд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Хууль зүй,
дотоод хэргийн сайд илэрхийлэв.
Арбитрын байнгын шүүхийг 1899 онд
Олон улсын маргааныг энхийн замаар шийдвэрлэх тухай Гаагийн 1899 оны конвенцын
дагуу Гаагийн энх тайвны анхдугаар бага хурлаар байгуулсан. Одоогоор 126 улс
орон уг байгууллагад гишүүнээр элссэн бөгөөд Монгол Улс 2019 онд гишүүн улс
болсон гэж Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ.

Связанные новости
Ulaanbaatar