ГОВЬ-АЛТАЙ: 315 тн махыг Улаанбаатарын иргэдэд хүргэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-12-03 17:28:03

Есөнбулаг, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн 15 сумаас бэлтгэсэн 315 тн махыг Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хотын 757 иргэн, өрхөд хүрэхээр Улаанбаатар хотыг зорилоо.


Улаанбаатар хотод суугаа нутгийн иргэдийг эрүүл, шим тэжээл сайтай мах махан бүтээгдэхүүнээр хангах, мөн хотод амьдарч буй нутгийнхны өвлийн хүнсний хэрэгцээг орон нутгаасаа найдвартай, баталгаатай бэлтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “Хүргэлт” нэгдсэн үйл ажиллагааг энэ жил 6 дахь жилдээ эхлүүллээ.


“Энэ нэгдсэн үйл ажиллагаа нь Говь-Алтай аймагт үйлдвэрлэсэн чанартай, баталгаат мах, махан бүтээгдэхүүнүүдийг зорилтот бүлгийн иргэдэд шууд хүргэж, орон нутгийн үйлдвэрлэгчдэд бүтээгдэхүүнээ нийслэлийн зах зээлд сурталчлан таниулах өргөн боломжийг бүрдүүлж өгдөг” гэдгийг тус аймгийн Засаг даргын орлогч М.Алтангэрэл ярилаа.


Хүргэлтээр нийлүүлж буй мах тус аймгийн брэнд бүтээгдэхүүн болгон хөгжүүлж буй “Шимт богц брэнд” махны багц бөгөөд стандартын дагуу хайрцаглаж савласан нь онцлогтой юм. Улаанбаатар хотын иргэд өөрийн төрсөн нутаг, сумаа сонгон махаа захиалах боломжтой. Бид захиалгын дагуу тухайн сумын малчидтай холбогдож, махыг стандартад нийцүүлэн бэлтгэж, “Шимт богц” савлагаандаа хийж бэлдээд нийслэл рүү илгээж байна хэмээн ХХААГ-ын дарга Ж.Очир танилцуулсан юм. 


Нутгийнхаа иргэдийг эрүүл, баталгаат хүнсээр хангах, орон нутгийн үйлдвэрлэгчдээ дэмжих зорилготой энэхүү аяныг зохион байгуулахад төрөөс ямар нэгэн санхүүжилт гардаггүй зөвхөн гүүр болон ажилладаг. Мөн малчид нэгдсэн журмаар гарал үүсэл, хүнсний аюулгүй байдлыг чанд сахин оролцдогоороо чухал ач холбогдолтойг ХХААГ-ын албаны хүмүүс онцоллоо.

Связанные новости