ЗАВХАН: Явуулын шүдний эмнэлгээр 290 гаруй хүнд хүрч үйлчилжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Улиастай, 2025 оны арванхоёрдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Завханы
дөрвөн суманд явуулын шүдний эмнэлэг хүрч, 290 гаруй иргэн, малчид шүдний эрүүл
мэндийн үйлчилгээг авчээ.
Шинэ технологи, инновац шингээсэн гарааны бизнес эрхэлж буй залуучуудад гарааны санхүүжилт олгох, мэргэжлийн менторууд, бизнес эрхлэгчдээс зөвлөгөө авч бизнесээ илүү боловсронгуй болгох боломжийг бүрдүүлдэг. Анхан шатны санхүүжилтийг олгох, бизнес санааг нь сурталчлан таниулах, дэмжих зорилготой баруун бүсийн “Стартап-2025” тэмцээнд Завханы Эрдэнэхайрхан сумаас иргэн Н.Өсөхцэнгэл, Г.Болдмаа нар амжилттай оролцож дэд байрт шалгарсан.
Тэд явуулын шүдний эмнэлэг төслөөрөө 17 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авсан юм. Өнөөдрийн байдлаар залуу эмч нар явуулын шүдний эмнэлгийн үйлчилгээг дөрвөн суманд үзүүлээд байна.
Шүд цайруулах, шүдний сувгийн эмчилгээ, ломбо, шүд авах, чулуу түүх, өнгөлгөө хийх. Шүдний зай нөхөх, паалан эмчлэх, шигтгээ наах, цоорлоос сэргийлэх түрхлэг, сүүн шүдний цоорол зогсоох түрхлэг зэрэг үйлчилгээг бүх насныханд үзүүлж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон эмзэг бүлгийн иргэдэд 30-50 хувийн хөнгөлөлтэй үнээр үйлчилгээ үзүүлдэг байна. Эрдэнэхайрхан, Отгон, Завханмандал зэрэг суманд ажиллаж 290 гаруй иргэн, малчдад хүрч үйлчилжээ. Хөдөөгийн сумын иргэд, малчид ихэвчлэн шүдний ломбо, сувгийн эмчилгээ, шүд авах үйлчилгээг авч байна. Харин орон нутагт амьдарч байгаа хүүхдүүд ховил хамгаалах ломбын үйлчилгээг илүү авч байна. Бид хөдөөгийн сумдад очиж ажиллахдаа, аймгийн төвийн шүдний эмнэлгийн үнэ тарифаар буюу 20-100 мянган төгрөгийн хооронд үйлчилгээгээ үзүүлж байна.
Амны хөндий нь хүний биеийн эрүүл мэндийн асуудалтай шууд хамааралтай учраас анхаарал хандуулж ажиллах нь маш олон эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэдэг. Шүд эрүүл бол бие эрүүл гэдэг.
Хөдөө орон нутагт хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт их байна. Эцэг эх, асран хамгаалагчдын амны хөндийн эрүүл мэнд болон эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй. Хүүхдэд шүдээ зөв арчлах дадал төлөвшөөгүй, эрүүл зан үйлийг дэмжих орчин нь бүрдээгүй. Чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ өндөр, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаггүй зэрэг нь шүд цоорох өвчний гол шалтгаан болж байна. Тиймээс цаашид үргэлжлүүлэн явуулын эмнэлгээр дамжуулан 24 сумаа тойрч, амны хөндийн эрүүл ахуй, шүдний эмчилгээ үйлчилгээг үзүүлнэ хэмээн явуулын шүдний эмнэлгийн нүүр амны их эмч Г.Болдмаа мэдээлэв.

Баруун бүсийн “Стартап-2025” тэмцээнд Завханы Эрдэнэхайрхан сумаас иргэн Н.Өсөхцэнгэл, Г.Болдмаа нар амжилттай оролцож дэд байрт шалгарчээ.

Явуулын шүдний эмнэлэг дөрвөн суманд хүрч ажиллажээ.
Ulaanbaatar