Эзэнт гүрнээс улбаатай ардчилсан Итали улсын хураангуй түүх

ТОЙМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-12-01 15:23:07

УЛААНБААТАР, 2025 оны арванхоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Итали бол ер бусын баялаг түүхтэй орон бөгөөд дэлхийн хамгийн эртний гурван улсын нэг юм. Зөвхөн нийслэл Ром хот гэхэд 2500 гаруй жилийн түүхтэй. Итали орныг Европын соёл иргэншлийн өлгий гэж үздэг бөгөөд энэ газар нутагт оршин тогтнож байсан аугаа их Ромын эзэнт гүрэн нь Европын хуульэрхзүй, уран барилга, хэл соёл, урлаг, шашин шүтлэгт асар их нөлөө үзүүлж, үлэмж их өвийг үлдээсэн билээ.


Манай эриний өмнөх V зууны үед хүчирхэг Ромын эзэнт гүрний суурь тавигдаж, ромчууд ердөө 200 жилийн дотор Балканы хойг, Бага Ази, Сири, Галлиг эзлэн авчээ. Удалгүй Египетийг харьяандаа оруулснаар Ромын эзэнт гүрэн бүрэлдэн тогтсон байна. Дараа нь Палестин, Иудей, Британи, өнөө цагийн Румын орныг эрхэндээ оруулснаар 5,2 сая хавтгай дөрвөлжин км уудам газар нутгийг эзэгнэн захирах болжээ.

МЭ II зуун бол Ромын эзэнт гүрний ид цэцэглэлтийн үе бөгөөд үүнээс хойш өргөн уудам нутгийг хяналтдаа байлгах боломжгүй болж, газар нутгаа тэлэх бодлого нь мухарджээ. Удалгүй хөрш зэргэлдээх омгууд, улс орнууд Ром руу халдан довтлох болсноор Ромын эзэнт гүрний хүч суларч, баруун ба зүүн Ром гэсэн хоёр хэсэгт хуваагдан салав. Энэ үед Византын эзэнт гүрэн буюу Константинополь хотод нийслэлтэй Зүүн Ромын эзэнт гүрэн байгуулагдаж, 395 оноос 1453 хүртэл оршин тогтносон байна.


МЭ V-VII зууны үед Ромын эзэнт гүрэн нуран унах үйл явц эхлэв. Варварууд буюу харийн зэрлэгүүд Ром хотыг эзлэн авснаар урлагийн асар олон бүтээлийг устгажээ. 476 онд Ромын эзэнт гүрний сүүлчийн эзэн хаан суудлаасаа бууснаар варваруудын хаант улс байгуулагдав. Итали орон бүрэн уналтад орж, худалдааны төв болж байсан том хотууд эвдрэн сүйдэж, балгас болжээ. Энэ үед Византын эзэнт гүрэн байр сууриа бататгах  оролдлого хийлээ.


VIII зууны үед феодалын нийгмийн үндэс суурь тавигдаж эхлэв. Удалгүй Ариун Ромын эзэнт гүрэн байгуулагдсан нь 1806 он хүртэл оршин тогтножээ. Энэ гүрэн бий болсноос хойш 600 гаруй жилийн хугацаанд олон улс орон түүнийг эзлэн авахыг санаархаж, зарим газар нутгийг нь түрэмгийлэн булааж байсан боловч Ариун эзэнт гүрнийг бүхэлд нь эрхэнд оруулж чадаагүй юм.


1492-1559 оны хооронд эзэнт гүрэнд хяналтаа тогтоохын төлөө Франц, Испани хоёр ширүүн тэмцэлдэж байлаа. Эцсийн дүндээ испаничууд Сицили арал, доод Итали, өнөөгийн Ломбард мужийг эзэмшилдээ авсан байна.


Харин XVIII зууны туршид Австри гүрэн Италид ноёрхож байлаа. 1756-аас 1870 он хүртэлх хугацаанд улс орон даяар хувьсгалт хөдөлгөөнүүд, дайн дажин тасралтгүй дэгдэж, Итали орон харийн улсуудын ноёрхлоос ангижирчээ. 


1861 онд Сардинии Пьемонт Виктор-Эммануил II хаан нэгдсэн Итали улс байгуулагдсаныг зарлан тунхаглав. 1871 он гэхэд Итали орон өнөөгийн хил хязгаарынхаа хүрээнд бүрэлдэн тогтож, долоодугаар сард Ром хот нэгдсэн Итали улсын нийслэл боллоо.


1924 онд Бенито Муссолини тэргүүтэй нацистууд засгийн эрхийг булаан авч, 1943 он хүртэл Италийг захирсан байна. 1943 онд партизанууд дарангуйлагч Муссолиниг баривчлан цаазаар авсны дараа холбоотнуудын арми Италийн эрэгт десант буулгав. 

1946 онд Италийн хаан ширээнд Умберто II-г залжээ. Гэвч олон нийтийн дунд явуулсан санал асуулгаар италичуудын ихэнх нь бүгд найрамдах засаглалыг дэмжсэн тул шинэхэн хаан Итали орныг орхин гарчээ. Төрийн бүтцийг Үндсэн хуульд нийцүүлэн бий болгож, энхийн гэрээний дагуу Итали улс Балканы хойг дахь бүх колони ба газар нутгаасаа татгалзсан байна.


Дайны дараа Италийн засгийн газрууд ээлж дараалан солигдож байсны зэрэгцээ эдийн засаг нь эрчимтэй өсөж, Европын интеграцид нэгдэж, үндэстэн дамнасан корпорацууд улс орны амьдралд чухал үүрэг гүйцэтгэх болов. Засаглалын бүх салаа мөчирт авлига хээл хахууль нүүрлэсэн тул сонгуулийн тогтолцоогоо өөрчлөхөд хүрч байсан зэргээр хөгжил дэвшил, хүндрэл бэрхшээлийн даваа нугачаануудыг туулсаар иржээ.  


Орчин үеийн Итали бол парламентын засаглалтай улс бөгөөд ерөнхийлөгч нь төрийн тэргүүний, ерөнхий сайд нь гүйцэтгэх засаглалын  тэргүүний үүргийг гүйцэтгэдэг.  Засаг захиргааны хувьд тус улс тодорхой хэмжээний автономит эрх бүхий 20 бүс нутгаас бүрддэг.

Өдгөө 59 сая хүн амтай, НАТО болон Европын Холбоо, “G7”-гийн бүлгийн гишүүн, улс төр, эдийн засгийн нөлөө бүхий Итали улс аж үйлдвэр өндөр хөгжсөн орнуудын эгнээнд орсон бөгөөд ДНБ-ий хэмжээгээр дэлхийд 8 дугаарт, еврогийн бүсэд 3 дугаарт бичигдэж байна. Италид автомашины үйлдвэрлэл эрчимтэй хөгжсөн бөгөөд Феррари, Фиат автомашинуудыг нь дэлхий даяараа мэднэ.

Итали бол Франц, Испанийн адилаар дэлхийн аялал жуулчлалын төв гэж тооцогддог. Гайхамшигт хотууд, ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн 155 дурсгалт газар, байгалийн өвөрмөц тогтцуудыг нь үзэх, рашаан сувиллын газруудад нь амрахаар жил бүр хүн амын тоотой нь тэнцүү буюу 60 сая гаруй гадаадын жуулчид Италийг зорин ирдэг. Тус улсын ДНБ-ий 5 хувийг /шууд бусаар 13 хувь/ аялал жуулчлалын салбар бүрдүүлж, хөдөлмөр эрхлэгчдийн 6 гаруй хувь нь уг салбарт ажиллаж байна. ЮНЕСКО-д бүртгэгдсэн Европын нийт соёлын өвийн гуравны хоёр нь Апенниний хойгт буюу Итали оронд бий.


Эрт дээр үеэс орон орны аялагчид мартагдашгүй сэтгэгдэл, хурц тод мэдрэмжийг олж авахын тулд домогт Да Винчи, Микеланжело, Рафаэл нарын эх нутагт хөл тавихыг мөрөөдсөөр иржээ. Урлаг соёлын агуу гайхамшигт бүтээлүүдийг нүдээр үзэж, байгалийн гоо үзэсгэлэнгээс таашаал хүртэж, италичуудын амьдралын давтагдашгүй хэв шинжийг мэдрэх гэсэн олон сая жуулчдыг нарлаг Итали орны найрсаг зочломтгой иргэд жил бүр  хүлээн авсаар байна.


МОНГОЛ-ИТАЛИЙН ХАРИЛЦААНЫ ХӨГЖИЛ


Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сэржо Маттарэллагийн урилгаар энэ өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийж байна.


Өмнө нь Итали улсад Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди 2000 онд албан айлчлал, 2001 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж төрийн айлчлал хийж байв.


Монгол Улс, Итали Улсын хооронд 1970 оны 6 дугаар сарын 29-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд 2011 оны 10 дугаар сард Ром хотноо Монгол Улсын Элчин сайдын яам нээгдсэн бол Итали Улс 2016 оны 7 дугаар сард Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээжээ.


Монгол Улсаас Бүгд Найрамдах Итали Улсад суух Элчин сайд Ц.Нарантунгалаг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Итали Улсын Ерөнхийлөгч Сержо Маттареллад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив


Элчин сайдын яамд нээгдсэнээс хойш хоёр улсын улс төр, худалдаа, эдийн засаг, соёл боловсролын хамтын ажиллагаа идэвхжиж буйг илэрхийлэх баримт бол хоёр талын худалдааны эргэлт 2016 оноос хойш жил бүр 30 хувиар тогтмол өссөөр өдгөө 180 сая долларт хүрсэн нь чамлахааргүй үзүүлэлт мөн. 


Монгол Улсад өрнөсөн ардчилал, шинэчлэлийн үйл явцыг Итали Улс анхнаас нь тууштай  дэмжиж ирсэн бөгөөд 1992-1998 онд 5.5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ. Мөн зүүн аймгуудад 2008 онд тохиолдсон зудын гамшгийг даван туулахад зориулан хүнсний тусламж олгосон бөгөөд Италийн Засгийн газраас нийт 12.7 сая ам.доллартай тэнцэх хэмжээний тусламж үзүүлээд байна.  


2024 оны байдлаар Италиас Монголд оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 80.33 сая долларт хүрч, Италийн хөрөнгө оруулалттай 39 ААН манай улсад үйл ажиллагаа явуулж байна. Хамгийн сүүлд гэхэд, “Фалкониери” компани Монголд ноолуур угаах үйлдвэр барихаар хөрөнгө оруулаад эхэлжээ.


Дэлхийн ноолуурын 40 хувийг дангаараа гаргадаг манай улсын ноолуурын гол худалдан авагч нь Итали юм.  2024 оны мэдээллээр Монгол Улсаас 1000 кг угаасан ноолуур, 533.2 кг самнасан ноолуур Италид экспортолжээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” хөтөлбөр хэрэгжсэнээр самнасан ноолуурт нэмүү өртөг шингээж экспортлох боломж нэмэгдэж байна.


Соёл урлагийн салбарт хоёр талын хамтын ажиллагаагаа өргөжиж буйг илтгэх жишээнүүдийг дурдвал, 2024 онд Сэргэн мандалтын үеийн Италийн алдарт зураач Караважжогийн “Магдалэний наманчлал” эх зургийг “Чингис хаан” үндэсний музейд монголчуудад үзүүлжээ. Мөн энэ онд 7 м өндөртэй Чингис хааны алтадмал хөшөөг Италийн Флоренц хотын хүрлийн үйлдвэрт урлаж, “Чингис хаан” музейд залсан байна. 

Связанные новости