П.Дашбазар жилд 700 орчим үхрийн ширээр суран эдлэл хийж зах зээлд нийлүүлдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-11-17 15:07:30

Есөнбулаг, 2025 оны арваннэгдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн иргэн П.Дашбазар үндэсний өв соёл болох сур, суран эдлэлийг өөрийн сонирхлын дагуу 40 орчим жил хийж байна. Жилд 500-1000 ширхэг үхрийн шир худалдан авч боловсруулан, суран эдлэл хийж, зах зээлд нийлүүлдэг байна.  


ЖДҮХС-гийн зээлд хамрагдан ажлын байраа шинээр барьж, тохь тухтай орчинд үйлдвэрлэлээ эрхэлж, захиалгаа дийлэхгүй байгаа талаар үйлдвэрлэл эрхлэгч П.Дашбазар ярьсан юм. Тэрбээр Монгол Улсын чанарын аварга малчин С.Пунцаг гэж хүний долоо хүүгийн бага нь. Малчны гэрт төрж, малын захад өсөн, аавыгаа дагаж хүүхэд байхаасаа сур элдэхэд суралцжээ. Ингээд 24 наснаасаа өөрийн сонирхлын дагуу бие даан сураар бүтээгдэхүүн хийгээд өдгөө 40 гаруй жил болж, хоёр хүүгээ ч энэ ажилд сурган хамтдаа ажилладаг гэлээ.



П.Дашбазар гуай жилд  дунджаар 700 үхрийн ширээр суран эдлэл бэлтгэдэг. Залуу ахуй цагтаа 1000 ширээр бүтээгдэхүүн хийдэг байжээ. Сум орон нутгийн малчид нь таньдаг учир түүхий идээ авчирч өгнө. Нэгэнт үнэгүйдсэн ширийг ченжүүд ч түүнд зардаг байна. 


Тэрбээр хэлэхдээ, "Суран эдлэл хийнэ гэдэг бүтэн жилийн хөдөлмөр. Үхрийн ширийг 11 дүгээр сард худалдан аваад цэвэрлэж, зүсээд уринд өгч үсийг нь авна. Өвлийн хүйтэн, хаврын саруудад үсийг нь авах, зүсэх, гандах, уринд өгдөг бол дулааны цагт илдэж бүтээгдэхүүнээ боловсруулдаг. Шар сүү, үнээний сүү таргаа зэхэж хужир хийн уламжлалт ган бэлтгэнэ. Бэлтгэсэн гандаа сураа хийн өдөр болгон хутгаж, сар болгоход намирсан сур гарч ирдэг юм. Хийж л чадвал борлохгүй байхын үндэсгүй. Суран эдлэл хийдэг хүний хоёр алга точилдсон юм шиг л болдог. Хөдөлмөр, хөлсөөрөө амьдардаг хүн шөнө бүтэн нойртой, хэний ч өмнө нүүр бардам явдаг" гэдгийг ч хэлж байлаа. 



Боловсруулсан ширээрээ бугуйл, хазаар, ногт, чөдөр, ташуур, даруулга, олом гээд монгол моринд юу хэрэглэдэг бүгдийг нь хийдэг. Хоёр хүүтэйгээ ярилцаад хоёр жилийн өмнө айл бүрийн хойморьт байх монгол морин эдлэлийн “Хантайшир” багцыг гарган орон нутгийнхаа брэнд болгосон. Суран багцад 9 алдын битүү сүлжмэл бугуйл, халз духавчтай сүлжмэл хазаар, сүлжмэл жолоотойгоо, сүлжмэл ногт, сүлжмэл цулбууртайгаа, гурамсан чөдөр, наймаар гөрсөн суран ташуурыг сийлбэртэй модон гоёмсог хайрцагт багтаан хийжээ. 



Энэ багцын эрэлт хэрэгцээ их байгаа болохоор ажлын ачаалал ч нэмэгдсэн гэв. Сур, суран эдлэл айл бүрд байвал одоо цагт хүүхэд багачууд хүртэл уламжлалт мал аж ахуй, нүүдэлчин ёс заншлаа мартахгүй байх, үнэгүйдэж хог дээр овоорох малын түүхий эдээ ч үнэд хүргэж, өв уламжлалаа ч бататгаад авах боломж бий гэдгийг онцлон хэлж байлаа.


Связанные новости