Хүннү хотын төлөвлөх сонгон шалгаруулалтын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Хүннү хотын төлөвлөлтийн үзэл баримтлал боловсруулах олон улсын сонгон шалгаруулалтад 21 улсын 43 мэргэжлийн баг бүртгүүлж, хоёрдугаар шатанд 24 баг шалгарсан байна.
Эдгээр багийн бүтээлийг энэ сарын 11-14-нд олон нийтэд танилцуулж, шилдэг багуудыг зарлах юм.
Хүннү нь Улаанбаатар хотоос 53 км-ийн зайд байрлах бөгөөд 31,503.1 га талбайг хамрах засаг захиргаа, эдийн засгийн чөлөөт бүс, тээвэр логистикийн нэгдсэн төв, их, дээд сургуулийн цогцолбор, өндөр технологийг дэмжсэн тусгай чиг үүрэгтэй хот болгохоор төлөвлөж байна.
Сонгон
шалгаруулалтыг нийслэлийн төвлөрлийг сааруулах, орон зайн оновчтой
төлөвлөлт бүхий дагуул хот байгуулах хүрээнд тогтвортой хөгжлийн зарчимд
суурилсан, ухаалаг, ногоон технологи нэвтрүүлсэн, Монголын түүхэн өв, соёлыг
орчин үеийн чиг хандлагатай хослуулсан хотын загвар бий болгох зорилгоор зохион байгуулж байгааг НЗДТГ мэдээлэв.

Шилдэг 24 багийн бүтээлийг танилцуулах үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн
салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч
А.Амартүвшин “Хүннү хот байгуулахаар олон төвт, нийтийн тээвэрт тулгуурласан
хотын хөгжил, ногоон, саарал
гэх дэд бүтцийн нэгдсэн хөрөнгө оруулалтын систем хэрэгжүүлж байна. Авто зам,
инженерийн шугам сүлжээ, бүсчлэлийн дүрэм зэрэг бүтээн байгуулалт, хууль эрх зүйн орчныг бүрдүүлсний дараа хувийн хэвшилд төсөл
сонгон шалгаруулах зарчмаар газрыг нь
санал болгоно. Энэ бол зөвхөн барилга барих бус бодлого, итгэл, оролцогч талуудын
хамтын үйл ажиллагааны үр дүнгээр бий болох төсөл юм” гэдгийг тодотголоо.

Олон улсын
уралдаант сонгон шалгаруулалтын шүүгчдийн шийдвэр, үр дүнг нийтэд ил тод,
нээлттэй мэдээлж, Хүннү хотын бүтээн байгуулалтад оролцуулах ажээ.
Связанные новости
Ulaanbaatar