БУЛГАН: Хөтөч, тайлбарлагч бэлтгэх сургалтад 50 гаруй иргэн хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны арваннэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын тухай хуулийн хэрэгжилт, аймгийн Засаг даргын 2024–2028 оны “Булганы сэргэлт” хөтөлбөр, “Монголд зочлох жил (2023–2028)” үндэсний аяны хүрээнд аймгийн аялал жуулчлалын 2025 оны төлөвлөгөөнд туссан “Жуулчны хөтөч, тайлбарлагч бэлтгэх сургалт” зохион байгууллаа.
Сургалтаар байгаль, түүх, соёлын өвд тулгуурласан эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, хөтөч, тайлбарлагчдын ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн юм. Сургалтад аймгийн 16 сум, 1 тосгоноос 50 гаруй иргэн хамрагдаж, сертификатаа гардан авсан байна.
Сургалтад аймгийн музей, сумдын Соёлын төвийн Орон нутаг судлах танхимын ажилтнууд, жуулчны бааз, амралтын газар, гэр кемп, хоршоо, нөхөрлөл, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгчдийн төлөөлөл хамрагджээ.
Нээлтийн үеэр аймгийн Засаг даргын орлогч О.Ундрах "Булган аймгийн аялал жуулчлалын салбарын хөгжлийн чиг хандлага, ирээдүйн
зорилтын талаар онцолж, “Нутгийн онцлог, байгаль, түүх, соёлын үнэт зүйлээ
түшиглэсэн аялал жуулчлалыг хамтдаа хөгжүүлж, гадаад, дотоодын жуулчдад соёлоо
таниулах нь чухал” хэмээв.
Булган аймагт байгаль, түүх, соёлын орон зайд түшиглэсэн эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутагт оруулах эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах, нутгийн иргэдийн оролцоонд түшиглэсэн хүртээмжтэй аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарын хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор “Жуулчны хөтөч-тайлбарлагч бэлтгэх сургалт”-ыг Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарын мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Ulaanbaatar