ДАРХАН-УУЛ: Аялал жуулчлалын нэгдсэн бодлого боловсруулж хамтын ажиллагааг өргөжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-11-07 13:54:09

Дархан, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Монгол, БНХАУ, ОХУ-ын Аялал жуулчлалын сайд нарын есдүгээр хуралдаан боллоо. Хуралдаанд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын дэд сайд Ван Жианхуа, ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Д.С.Вахруков нар оролцов.




Есдүгээр хуралдаанаар талууд 2025 оны хамтын ажиллагааны нөхцөл байдлыг дүгнэн, хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, боомтын үйл ажиллагааг олон улсын түвшинд идэвхжүүлэх, дөрвөн улирлын аялал жуулчлалын нэгдсэн бодлого боловсруулах, дижитал шилжилт болон мэдээллийн технологийн дэвшлийг ашиглах чиглэлд нэгдсэн саналд хүрэв.




Гурван улсын аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг 2031 он хүртэл сунгасны дараах онцгой ач холбогдол бүхий уулзалт боллоо гэж талууд онцолж байна.

 

Түүнчлэн есдүгээр хурал гурван улсын харилцан итгэлцэл, найрсаг хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэж, “Цайны их зам”-ыг бүс нутгийн аялал жуулчлал, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны гол тэнхлэг болгон хөгжүүлэх эхлэлийг тавьсан түүхэн уулзалт болж буйг гурван орны салбарын сайд нар тодотголоо.




Связанные новости