ЗАВХАН: Баруун бүсийн 120 шахам алба хаагч цэргийн бэлтгэл сургалтад оролцож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-11-07 12:47:30

Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Завхан аймагт баруун бүсийн аймаг, сумдын ЗДТГ-ын дарга нарын цэргийн бэлтгэл сургалт болж байна.


Монгол Улсын батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдлын бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах мэдлэг, чадвартай болгох. Орон нутгийн түвшинд дайчилгааны болон иргэний хамгаалалтын бэлтгэл, зохион байгуулалтыг мэргэжлийн түвшинд удирдан зохион байгуулах чадавхыг дээшлүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байна.


Цэргийн бэлтгэл сургалтад Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийн 120 шахам алба хаагч хамрагдаж байна. Сургалт хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Батлан хамгаалах яам, Завхан аймгийн ЗДТГаас хамтран зохион байгуулж байна. Сургалтын нээлтийн үйл ажиллагаа Монгол улсын баатар, Армийн генерал Батын Доржийн хөшөөнд цэцэг өргөх ёслолоор эхэллээ гэж Завхан аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.


Геополитикийн ээдрээтэй, адармаатай энэ цаг үед батлан хамгаалах бодлого, орон нутгийн хамгаалалт, дайчилгааг зохион байгуулах нь өндөр ач холбогдолтой юм. Энэхүү цэргийн бэлтгэл сургалт нь болзошгүй гамшгийн үед улс үндэстнээрээ бэлэн байхад оршиж байгаа юм.


Холбогдох хуулиар энэ асуудлыг аймаг нийслэл, дүүргийн Засаг дарга нар хариуцдаг. Тиймээс үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги, дайчилгаа болон төлөвлөлтийн шинэчлэл, нутгийн захиргааны байгууллагын үүрэг, оролцоо, Монгол улсын аюулгүй байдлын гадаад орчинд гарч буй өөрчлөлт, цаашдын чиг хандлага зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл, сургалтыг хийх юм гэж Завхан аймгийн Цэргийн штабаас нэмж дуулгалаа.  




Связанные новости