ЗАВХАН: Сүүлийн гурван жилд бор гөрөөс 20-23 бодгалиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-11-03 17:35:28

Улиастай, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газрын бор гөрөөсний өвлийн бэлчээрлэлт нь гэрийн малын бэлчээртэй 60 орчим хувь давхацдаг нь судалгаагаар ажиглагджээ.


Сүүлийн жилүүдэд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэн үеүдэд бод мал отроор тусгай хамгаалалттай газарт өвөлжиж байгаа нь энэ бэлчээрийн давхцлыг үүсгэж байна.


Энэ жилийн тухайд өвөлжилт, хаваржилт хүнд байх талаар цаг уурын байгууллагаас мэдээлж байна. Тиймээс тусгай хамгаалалттай газрын туруутан амьтад, бод малын бэлчээрийн давхцал илүү байх болов уу. 

Бор гөрөөсний тоо толгойг сүүлийн гурван жилээр авч үзвэл жилд дунджаар 23.5 буюу ойролцоогоор 20-23 бодгалиар нэмэгдэж байна. Бор гөрөөсний төл огт тэмдэглэгддэггүй нь янзагатай зүр нуугдмал байдагтай холбоотой.

Амьдрах орчны сонголтын хувьд бор гөрөөс нь уулын хажуугийн гуу жалга болон уулын дунд, эхэн тал, шилмүүст ойд голчлон бэлчээрлэж, нутагшиж байна. Халиун бугыг бодвол харьцангуй тархалт багатай тусгай хамгаалалттай газар нутгийн зах орчмоор байрладаг. Навчит холимог ойтой, боролзгоно, тавилгана ургасан бартаатай газрыг илүүтэй сонгодог байна.


Бор гөрөөс нь гэрийн мал ордоггүй соргог бэлчээрийг илүүтэй сонгон байрлах ба өвөл болон зун ашигладаг бэлчээрийг төдийлөн сонгодоггүй нь сүүлийн хоёр жилийн судалгаагаар ажиглагдсан байна.


Бор гөрөөсний тохиолдцыг авч үзвэл Тарвагатайн нурууны Улаан хаалга хэсгийн Бургаст,  Ямаат, Идэрийн эх орчмын нутгууд нь гол байршил нутаг нь юм. Өвөл, хаврын тарчиг цагт ногоон бүсийн халиун буга, бор гөрөөс зэрэг туруутан амьтад эрдсийн дутагдалд орох, тарга хүч муудах зэргээс шалтгаалан идэш тэжээл хайн суурьшлын бүс, хот айл, малын бэлчээрт орж ирэх тохиолдол бий.


Тиймээс тухайн газрын иргэд, малчдыг эдгээр амьтдыг айлгаж цочоохгүй байх. Мэргэжлийн байгууллагууд, байгаль хамгаалагчид биотехникийн үйл ажиллагааг явуулдаг. Ингэхдээ бор гөрөөсний тархац нутагт хужир байршуулахдаа шинэлэг байдлаар буюу унанги мод хожуулийг ашиглан хөрсөнд шингэж уусахаас сэргийлсэн, хүртээмжтэй, тогтмол сэргээх боломжтой аргаар өвс тэжээл, хжуир тавьж байршуулдаг.  Энэ жилийн биотехникийн үйл ажиллагаа эхлээгүй байна гэж Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас мэдээлэв. 


                                                                                                                                              Бор гөрөөс нь бугын язгуурт багтдаг

Связанные новости