УВС: Тэс суманд баавгай орж ирснийг тогтоожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2025-11-06 12:55:37

Улаангом, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Тэс суманд баавгай орж ирсэн гэх дуудлагын дагуу аймгийн Байгаль орчны газар, Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, тухайн сумын Байгаль орчны тасгийн хамтарсан ажлын баг газар дээр нь ажиллаж, өнөөдөр байршлыг нь тогтоожээ.


Тэс сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр дэх Ханжит гэх газар малчин Ц.Дамирангийн өвөлжөөнөөс урд зүгт 231 метр зайд хүрэн баавгай орж ирсэн болохыг ажлын баг дрон нисгэн тогтоожээ. Ажлын баг хүрэн баавгайг дроноор үргээх оролдлого хийсэн боловч баавгай дроны дуу чимээнээс үргэхгүй, байршлаа солихгүй байгаа аж.


Хүрэн баавгайн байршил бүхий газраас 800 метрээс 1 киллометр зайд 7 өрхийн 17 хүн буюу 2 өндөр настан, бага насны 5 хүүхэд, 10 том хүн, 4 төрийн албан хаагч байгаа юм. Энэ талаарх мэдээллийг аймгийн Байгаль орчны газрын дарга Б.Энхтуяа, Тэс сумын Засаг дарга Г.Буяндалай нарт өгч, тухайн амьтан хүн, мал руу дайрах зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аймгийн Онцгой байдлын газарт дуудлага өгөөд байна.

 

Увс аймгийн Тэс сумын ОХУ-ын Тува улстай хил залгаа оршдог.





Связанные новости