Жендэрийн хариуцлагатай бодлого, төлөвлөлт, бодит үйл хэрэг рүү шилжихэд анхаарах хэрэгтэйг онцлов
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. 2017 оноос хойш хүчирхийллийн талаарх үндэсний хэмжээний томоохон судалгааг хийгээгүй. Олон улсын түншлэгч байгууллагууд, төр, иргэний нийгмийн байгууллагууд хамтран энэ төрлийн судалгааг хийх шаардлагатай байгааг Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга А.Адилбиш мэдээлэв.
Тэрбээр Хэвлэлийн хүрээлэнгийн Мэдээллийн төвд өнөөдөр болсон "Хиймэл оюун ухаанаар дамжсан жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг-Эмэгтэй сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалъя!" хэлэлцүүлгийн үеэр хэлэхдээ, “Технологи ашиглан үйлдэж буй жендэрт суурилсан хүчирхийллийн хэлбэрийг одоогоор хүчин төгөлдөр мөрдөж буй хууль эрх зүйн орчинд нарийвчлан тодорхойлоогүй байгаа нь энэ төрлийн хүчирхийлэл гаарах мөн зарим тохиолдолд хүчирхийлэл үйлдэгч ял шийтгэлгүй үлдэх нөхцлийг бүрдүүлж байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид жендэрийн мэдрэмж гэх ойлголтыг төлөвшүүлэхэд анхаарсан бол одоо жендэрийн хариуцлагатай бодлого, төлөвлөлт, бодит үйл хэрэг рүү шилжихэд анхааран ажиллах хэрэгтэй”-г онцлов.
Тус хэлэлцүүлгийг “Сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр”-т зориулан "Хиймэл оюун ухаанаар дамжсан жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг-эмэгтэй сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалъя!” уриан дор Жендэрийн үндэсний хороо, Хэвлэлийн хүрээлэнгээс “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх үндэсний сүлжээ”-тэй хамтран зохион байгууллаа.


Ulaanbaatar