Засгийн газраас Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг эхлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас Оюутолгойн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг өнөөдрөөс эхлүүллээ.
Хэлэлцээнд Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар болон "Эрдэнэс Монгол" нэгдэл, "Эрдэнэс Оюутолгой" ХК-ийн удирдлага оролцож, "Рио Тинто" группийн төлөөлөгчидтэй уулзаж байна.
Засгийн газраас:
- Оюутолгойгоос хүртэж буй Монголын талын өгөөжийг 50 дээш хувьд хүргэх,
- Хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг бууруулах,
- Зээлийн хүүгийн асуудлыг 7 жилд нэг удаа хөнддөг байдлыг наашлуулах,
- Хүүгээс хүү тооцдог байдлыг эргэн харах зэрэг асуудлыг тавьж, хөрөнгө оруулагч талтай харилцан санал солилцож байгаа юм.
Уг хэлэлцээний ач холбогдлын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням “Оюутолгойн зээлийн хүүг бууруулснаар Монголын талын авах үр өгөөж нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл, ногдол ашиг авах хугацаагаа наашлуулна гэсэн үг. Үндэсний баялгийн санд энэ мөнгө аль болох эрт орж, ард түмэнд шууд үр өгөөжөө өгнө. Монголчууддаа ээлтэй сайн шийдвэр гаргахын манай баг ажиллаж байна” гэлээ.

Ulaanbaatar