БАЯНХОНГОР: Шилдгээр шалгарсан залуус 20 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар Өвөрхангай аймгийн ЗДТГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран Хангайн бүсийн шилдэг “Старт ап” шалгаруулах үйл ажиллагааг Өвөрхангай аймагт зохион байгууллаа.
Шалгаруулалтад Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн старт ап бизнесийн чиглэлээр шалгарсан 12 баг оролцож, өөрсдийн шинэлэг бизнес санаагаа танилцуулан өрсөлдсөн юм.
Шалгаруулалтын дүнд Баянхонгор аймгийн Э.Сэмбэсүрэнгийн “Green Cycle” баг шилдэг старт ап шагналыг хүртэж 20 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг авлаа. Харин хоёрдугаар байрт Өвөрхангай аймгийн “Candella” баг (гар урлал, саван, лаа үйлдвэрлэл) 17 сая төгрөг, гуравдугаар байрт Баянхонгор аймгийн Т.Нацагпүрэв “GOJI” цэвэр усны савны үйлдвэрлэл 15 сая төгрөгийн шагналыг тус тус хүртэв.
Тус үйл ажиллагаа нь бүс нутгийн залуусын бизнесийн санааг дэмжих, шинийг санаачлагчдыг урамшуулах, гарааны бизнесийн орчныг хөгжүүлэх зорилготой.
Ташрамд, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гарааны бизнес “Старт ап-2025” үйл ажиллагааг Баянхонгор аймагт есдүгээр сарын 25-28-ны өдөр “Старт ап-Монголиа” сургалтын байгууллагатай хамтран амжилттай зохион байгуулсан юм. Нийт 54 иргэн бүртгүүлж, 13 баг сонгон шалгаруулалтад оролцож шинэ санаа шилдэг бүтээгдэхүүнээр өрсөлдсөнөөс шилдэг таван баг хурдасгуур хөтөлбөрт хамрагдаж, Хангайн бүсийн шилдэг "Старт ап-2025" шалгаруулах уралдаанд оролцсон байна.
Ulaanbaatar