Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих гэрээг байгууллаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-24 14:55:57

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол Улсад ДЦС-4 ашиглалтад орсноос хойш 42 жилийн дараа Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих гүйцэтгэгч "Митайм интернэйшнл" компанитай өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа.


Энэхүү түүхэн гэрээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар болон "Митайм интернэйшнл" компанийн ерөнхий захирал Тиан Хао Мин нар гарын үсэг зурсан юм.


Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, "Эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж, эдийн засгийн өсөлттэй уялдан дунджаар 14 хувиар нэмэгдэж буй. Иймд нийслэл дотоодын хөрөнгийн зах зээлээс 500 тэрбум төгрөгийн бонд босгож, үүнийхээ 200 тэрбум төгрөгийг авто замын засвар шинэчлэлт хийхэд, 300 тэрбум төгрөгөөр Бөөрөлжүүтийн цахилгаан станцад хөрөнгө оруулсан. Дулааны тавдугаар цахилгаан станц нь Улаанбаатар хотын баруун хойд хэсгийг эрчим хүч, дулаанаар хангана. Дулааны тавдугаар цахилгаан станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барьснаар цаашдын олон томоохон төслийг уг жишгээр барих үндэс суурь болно” онцлов.


Дулааны тавдугаар цахилгаан станцыг 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Баянгол дүүргийн ХХ  хорооны нутаг дэвсгэрт ДЦС-2-ийн үнсэн сан дээр 26 га талбайд барьж, 2028 онд ашиглалтад оруулна. ДЦС-5 төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарт анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжих төсөл гэдгээрээ онцлогтой юм. Төслийн нийт хөрөнгө оруулалт 658.6 сая ам.доллар бөгөөд хөрөнгө оруулалтын 80 хувийг хувийн хэвшил, 20 хувийг нийслэлийн төсвөөс үе шаттай санхүүжүүлэхээр төлөвлөжээ.


Дулааны тавдугаар цахилгаан станц нийслэлийн баруун бүс Таван шар, 21 дүгээр хороолол, “Хилчин” хотхон, Баянхошуу, 3, 4 дүгээр хороолол, 1 дүгээр хорооллын 40 мянган өрхийг дулаанаар, 100 мянга орчим өрх, аж ахуйн нэгжийг эрчим хүчээр хангах, төслийн хэрэгжүүлэх явцад 1600 ажлын байр шинээр бий болно. Ашиглалтад орсны дараа 369 байнгын ажлын байр нэмэх, орчин үеийн эргэлтэд буцлах үет шаталттай /CFB/ технологи ашиглан жилд 2.2 тэрбум кВт.цаг цахилгаан, 4.8 сая ГДж дулаан үйлдвэрлэнэ. Түүнчлэн утааны хийн шүүлтүүрийн системийн тусламжтайгаар агаар мандалд хаягдах дэгдэмхий үнсийг 99.9 хүртэл хувиар бууруулах, эрчим хүчний системийн чадлын тохируулга, тогтвортой ажиллагааг нэмэгдүүлэх, эрчим хүчний импортоос хараат байдлыг бууруулах ач холбогдолтой юм.


Нийслэлийн хэмжээнд цахилгаан, дулаан хослон үйлдвэрлэдэг өндөр хүчин чадлын станц хамгийн сүүлд 1983 онд ашиглалтад орж байжээ.




Связанные новости