АРХАНГАЙ: Хүний хөгжлийн бодлогын хүрээнд 80 төсөл хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-10-22 09:48:30

Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын ээлжит хуралдаанаар Архангай аймгийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөг баталсан.

 

Бүсчилсэн хөгжил, хүний хөгжил, эдийн засаг, хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлого гэсэн дөрвөн бодлогын хүрээнд төсөл, арга хэмжээг төлөвлөсөн байна.


Архангай аймгийн удирдлагууд сүүлийн хоёр жилд хүний хөгжилд түлхүү анхаарч, олон ажил зохион байгуулсаар ирсэн.


Аймгийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний хүний хөгжлийн бодлогыг эрүүл мэнд, боловсрол, нийтийн биеийн тамир, спорт, соёл урлаг, аялал жуулчлал, залуучууд, гэр бүл, хөдөлмөр, нийгмимйн хамгаалал гэсэн дөрвөн чиглэлд төсөл, арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөсөн байна.


Тухайлбал, эмнэлгийн болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, эм, эмнэлгийн хэрэгслийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ЭМД-ын хамрагдалтыг нэмэгдүүлэх, СӨБ-ын сургалтын хөтөлбөрт тавих шаардлагыг хангасан орчин үеийн цэцэрлэгийг нэмэгдүүлэх, хүүхдийг боловсролд тэгш хамруулж, хамран сургалтыг нэмэгдүүлэх, багшийн ур чадварыг дээшлүүлэх, хүүхдийн авъяас чадварыг хөгжүүлэх, мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль төгсөгчдөөс мэргэжлээрээ ажиллагчдыг нэмэгдүүлэх, үндэсний соёлын өвлөн уламжлагчдын тоог нэмэгдүүлж, бүх нийтийн соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч иргэн, хуулийн этгээдийн тоог нэмэгдүүлэх гэж оруулж өгчээ.


Мөн хүүхдийн оролцоо, хөгжлийг нэмэгдүүлж, тэдний хамгааллын үйлчилгээг сайжруулах, гэр бүл рүү чиглэсэн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, эрүүл, идэвхтэй ахмад настны тоог нэмэгдүүлэх, оюутан залуусын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлж, ажлын байрны тоог нэмэгдүүлэх гэсэн агуулгын хүрээнд 80 төсөл, арга хэмжээг төлөвлөжээ.

Связанные новости