Лазерын квантын радио хүлээн авагчийг зохион бүтээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-10-19 16:00:56

ВАРШАВ, 2025 оны аравдугаар сарын 19 /New-Science.ru/.  Варшавын их сургуулийн физикчдийн баг дэлхийд анх удаа зөвхөн лазерын гэрлээр тэжээгддэг бүрэн оптик радиосистемийг зохион бүтээжээ. Энэхүү төхөөрөмж нь металл антеннууд ба цахилгаан хэлхээнүүд бус харин Ридбергийн атомуудад тулгуурлан радио долгионуудыг илрүүлэн кодолдог байна.


Ингэснээр квант мэдрэгчийн салбарт томоохон ахиц дэвшил гарлаа. Радио хүлээн авагч нь өөрийгөө тохируулах, сул дохиог өндөр нарийвчлалтайгаар илрүүлэх, зөвхөн гэрлийн цацрагийг ашиглан нууцаар ажиллах боломжтой.

Доктор Михал Парнякийн удирдсан төслийн багийнхны гарган авсан энэхүү шинэ технологийг Европын сансрын агентлагтай хамтран ажиллаж буй компаниуд хэдийн сонирхоод эхэлжээ.


Орчин үеийн харилцаа холбооны салбарт тоон мэдээлэлд тулгуурласан трафикийн ихэнх хэсгийг радио долгионоор дамжуулдаг бөгөөд ердийн хүлээн авагч нь дохиог хүлээн авахын тулд металл антенн ба цахилгаан холигчуудыг ашигладаг. Харин Варшавын эрдэмтэд энэ системийг шилэн үүрэнд байрлуулсан, 3 хэт тогтвортой лазераар гэрэлтүүлсэн рубидигийн атомуудаар сольжээ. Доктор М.Парнякийн ярьснаар, туршилтын явцад антенн ба цахилгаан холигчийг атомын хийд суурилсан квант орчноор сольсноор радио дохиог гэрлийн импульс болгон хувиргажээ.


Лазерийн цацраг бүр нь рубидигийн атомуудын квант энергийн түвшнүүдтэй яг таг давхацна. Электронууд нь Ридбергийн төлөв хэмээн өндөр энергийн тойрог замууд руу шилжинэ. Радио долгион нь үүрнүүдийн дундуур нэвтрэх гарахдаа энэхүү атомын хөдөлгөөнийг хялбархан өөрчилнө. Дараа нь электронууд нам тойрог замууд руу буцаж ирснээр кодлогдсон дохио бүхий сул хэт улаан туяаг ялгаруулна. Эрдэмтэд гэрлийн давтамжийг тогтворжуулдаг тольтой вакуум хоолой буюу оптик резонаторуудыг ашигласнаар электронуудын хөдөлгөөнийг тогтворжуулж, дохионы давтамж ба фазыг яг таг тодорхойлсон байна. .   


Уламжлалт антеннаас ялгаатай нь гэвэл, лазерын хүлээн авагч нь металл эд ангиудгүй бөгөөд радио талбайд саад үүсгэдэггүй. Цаашдаа шилэн кабель ашигласнаар уг системийг нимгэн авсаархан болгох боломжтой.


Варшавын эрдэмтэд Ридбергийн атомуудад түшиглэн богино долгионыг илрүүлэх аргыг сүүлийн хэдэн жилийн турш боловсронгуй болгосоор ирсэн юм. Уг технологи нь өөрийн тохиргоо хийх чадвар, өндөр мэдрэмж, овор хэмжээг багасгах боломж зэргээрээ олон улсын цаг уурын хүрээлэнгүүд, батлан хамгаалах салбарын байгууллагууд, сансрын агентлагуудын анхаарлыг татаж байна.  

Связанные новости