ХӨВСГӨЛ: Хүүхдийн байгууллагын хөгжлийн түүхийг гэрэл зургаар танилцууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монголын Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг Хөвсгөл аймагт тэмдэглэж байна.
Ойг тохиолдуулан Хөвсгөл аймгийн хүүхдийн байгууллагын хөгжлийн дөрвөн үеийн түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг гаргалаа.
Хөвсгөл аймагт пионерын хөдөлгөөн өрнөсөн түүхэн үе 1926-1945 он, бүх нийтийн бичиг үсэгтэн болгох, эх орны дайн, хөдөө аж ахуйг хөгжүүлэх үед өрнөсөн пионерын хөдөлгөөн 1945-1965 он, социалист өөрчлөн байгуулалтын үеийн пионерын байгууллага 1965-1990 он, Ардчилсан хувьсгалын дараах үеийн хүүхдийн байгууллага, хүүхдийн эрх, хамгааллын чиг үүрэг бүхий төрийн тогтолцоо бий болсон 1990 оноос хойших гэсэн түүхэн 4 үеийг гэрэл зургаар танилцуулжээ.
“Зуун дамнасан зуун жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэнд ховор, сонин олон зураг дэлгэжээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн пионерын байгууллагын анхдагчдын нэг Д.Агваан, Х.Сэтэв нарын түүхийг өгүүлсэн олон зургийг тус үзэсгэлэнд дэлгэв.
Монголын Хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын хүрээнд Хөвсгөл аймагт “Зуун дамнасан зуун жил” түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн, гурван үеийн дурсамж уулзалт, эрдэм шинжилгээний хурал, “Хүүхэд бүхэн инээж байг” хүндэтгэлийн цуглаан зэрэг үйл ажиллагааг зохион байгуулж байна.