АРХАНГАЙ: Харааны бэрхшээлтэй иргэдийг эмчийн үзлэгт хамрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-10-15 17:52:00

Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг "Цагаан таягтны эрхийг хамгаалах өдөр" болгон тэмдэглэдэг.


Энэ өдрийг тохиолдуулан харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, санхүүгийн мэдлэг олгох цогц үйлчилгээний өдрийг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвөөс санаачлан өнөөдөр зохион байгууллаа.


Харааны бэрхшээлтэй 28 иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэг, элэгний В, С вирус, сахар, тэмбүү, түрүү булчирхай, хеликобактер зэрэг таван төрлийн шинжилгээ оношилгоонд хамруулсан байна. Мөн Монголбанкны Архангай дахь салбараас мөнгөн тэмдэгт таних дадлага сургалт, Нийгмийн даатгалын хэлтсээс сайн дурын даатгалд хамрагдах боломжийн талаарх мэдээлэл, Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газрын мэдээлэл, харааны бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож, шийдвэр гаргах түвшинд уламжлан ажиллажээ.


Энэхүү өдөрлөг нь харааны бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, бие даасан байдал, нийгмийн оролцоог дэмжих, төрийн болон бусад байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх чухал үйл явдал боллоо.


Уг өдөрлөгийг Нэгдсэн эмнэлгийн нүдний эмч, “Ар-Мөнхжин” өрхийн эрүүл мэндийн төв, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Архангай салбартай хамтран зохион байгуулсан юм.


Архангай аймгийн хэмжээнд 3308 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 460 гаруй нь харааны бэрхшээлтэй байна.

Связанные новости