Малчинд итгэл, байгальд амь өгсөн "АДАПТ"
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Манай оронд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгийн эрчим, давтамж нэмэгдсээр байна. Сүүлийн 10 жилд тохиолдсон гамшигт үзэгдэл өмнөх 10 жилийнхээс 26 хувь нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ.
Гамшгийн эрсдэлийг бууруулах сургалтад бүх шатны мэргэжилтнүүдийг хамруулав
Гамшигт хязгаар гэж үгүй гэдэг. Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудал болоод буй. Тиймээс НҮБ-ын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос “Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр”-ийг дэлхий нийтээр тэмдэглэж ирсэн уламжлалтай.
Манай орны хувьд мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшгийн эрчим, давтамж нэмэгдсээр байна. Сүүлийн 10 жилд тохиолдсон гамшигт үзэгдэл өмнөх 10 жилийнхээс 26 хувь нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Энэ хэрээр эдийн засагт учруулах хор хохирол 47 хувиар нэмэгдсэн аж. Жил бүр нэмэгдэж байгаа гамшигт үзэгдлийг гарз хохирол багатай даван туулахын тулд бэлэн байдлаа хангах, хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх нь чухал. Иймд уг ажилд хувь нэмэр оруулах “Гамшгийн эрсдэлийн удирдлагын гарын авлага”-ыг АДАПТ төслөөс боловсруулан гаргасан. Тодруулбал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, /НҮБХХ/ Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж буй “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” /АДАПТ/ төслийн хүрээнд хийж буй ажлын нэг хэсэг юм.
Бүх шатны гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөл, гамшгаас хамгаалах албадын бүрэлдэхүүн болон удирдлагын мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, гамшгийн эрсдэлийг бууруулах асуудлыг хөгжлийн бодлого, төлөвлөлтөд уялдуулан тусгах ур чадварыг дээшлүүлэх зорилгоор энэхүү гарын авлагыг гаргасан.
Улмаар орон нутгийн түвшинд танилцуулах сургалтыг төсөлд хамрагдаж буй Сүхбаатар, Дорнод, Завхан, Ховд аймгийн Онцгой байдлын газрын удирдлага, орон нутгийн зөвлөлийн гишүүд, тамгын газрын дарга нар гэх мэтчилэн бүх шатны мэргэжилтнүүдийг хамруулав. Үүнд орон нутгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийн зураглал боловсруулах, шинжилгээг хийх, тоон мэдээлэлд суурилсан бодитой төлөвлөж хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлийн сургалт, хичээлүүд заажээ. Мөн Монголын Улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвтэй хамтран ОБЕГ-ын Эрсдэлийн удирдлагын мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулсан. Сургалтад сум орон нутгийн онцгой байдлын мэргэжилтнүүд буюу анхан шатныхныг хамруулснаараа онцлог байв.
Завхан аймгийн ОБГ-ын дарга Ө.Болд: Манай аймгийн хувьд экологийн тэнцвэрт байдал алдагдаж хуурайшилт, цөлжилт ихээр явагддаг эрсдэл өндөр бүс нутагт ордог. Мөн хангай, говь, тал хээрийн бүст хамаардаг. Үүнтэй холбоотой сум бүрийн эрсдэл харилцан адилгүй. Нөгөөтээгүүр сүүлийн жилүүдэд хур тунадасны хэмжээ нэмэгдэж ган, зуд их тохиолдож байна. Хангайн бүсүүдэд ойн түймэр нэмэгдсэн. Уг сургалтад аймгийн Онцгой байдлын газрын удирдлагуудаас гадна сум орон нутгийн удирдлагууд, төрийн албан хаагчдыг хамруулсан нь онцлог байлаа. Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гарч байгаа гамшиг ослын талаар өнөөгийн нөхцөл байдал, эрсдэлээ зөв тооцоолох, бууруулах талд арга хэмжээг авах чиглэлээр албан тушаалтнуудыг чадавхжуулах маш үр дүнтэй сургалт боллоо.
Дорнод аймгийн ОБГ-ын дэд дарга Б.Цогтбаяр: Гамшгийн эрсдэлийн орон нутгийн зөвлөлийг чадавхжуулах, орон нутагт ажиллаж байгаа, гамшиг ослыг удирдан зохион байгуулж ажилладаг сумдын Засаг дарга нарын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх сургалтыг зохион байгуулж байгаа нь цаг үеэ оллоо. Сургалтаас гамшгийн эрсдэлийн нарийвчилсан үнэлгээг зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах болон төлөвлөлтийн талаарх мэдээллийг маш сайн авсан. Мөн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлийн чадамжийг дээшлүүлэх мэдлэг, мэдээлэлтэй боллоо. Ер нь гамшгийн эрсдэлийг бууруулахад олон нийт тэдгээрийн оролцоог хангасан байх шаардлагыг тавьж байгаа. Мөн Засгийн газраас 2015 онд баталсан “Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр”-тэй уялдсан байсан. Тиймээс иргэд, олон нийтийг гамшгийн эрсдэлийг бууруулах, хамгаалах арга замд сурган бэлтгэж, дадал олгох ажлыг тууштай зохион байгуулах ажлыг үе шаттай авч хэрэгжүүлэх боломж бүрдсэн.
Цаг уурын урьдчилсан мэдээллийн онч байдлыг сайжрууллаа
АДАПТ төслөөс цаг уурын урьдчилсан мэдээний онч байдлыг сайжруулахаар шинэ үеийн супер компьютерыг өнгөрсөн есдүгээр сарын 5-нд Засгийн газарт албан ёсоор хүлээлгэн өгөв. Ингэснээр манай улсын гамшгаас урьдчилан сэргийлэх ажилд дахин нэг шат ахиж байна.
Тус компьютер нь өмнөх системтэй харьцуулахад тооцоолох хурд нь 16 дахин, өгөгдөл хадгалах багтаамж нь 20 дахин илүү ба Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх эрсдэл, эмзэг байдлыг бууруулахад энэ хэрээр хувь нэмэр оруулах юм.
Ялангуяа, цаг уурын байгууллагаас гаргасан мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргадаг малчдыг гамшгийн эрсдэлээс хамгаалахад чухал дэмжлэг болох юм.
Учир нь цаг уурын байгууллагаас гаргасан урьдчилсан мэдээллийг малчдад масс мессежээр явуулдаг. Ингэхдээ алслагдсан иргэдийнхээ утасны дугаарыг масс мессеж түгээх программд суулган мэдээллийг илгээж байна. Харин сүүлийн үед цаг агаарын урьдчилсан мэдээлэл маш нарийвчлалтай шуурхай болсон талаар малчид хэлж байна.
Дорнод аймгийн Баянтүмэн сумын иргэн Ц.Цэрэндорж, “Намайг 13-14 настай байхад цагаан тугал хайгаад олдохооргүй их өвстэй байлаа. Харин тэр үеийнхээс цаг агаар эрс өөр болсон. Хаврын хавсарга гэхэд айхтар их болж байна. Өдөр болгон хавсаргатай байдаг боллоо. Цаг агаарын урьдчилсан мэдээг утсаараа авдаг болсон. Шуурга шуурлаа гэсэн цаг агаарын мэдээлэл аваад малаа хашдаг. Гэтэл бэлчээр муу учир мал яаж ч идсэн байсан хоёр, гурван өдөр хашихад өлөө даахаа больсон” гэлээ.
Шинэ үеийн өндөр хүчин чадалтай супер компьютерын /HPC/ орон зай, цаг хугацааны өндөр нарийвчлалтай тооцоолж гаргасан прогноз, мэдээлэл нь Монгол орны хүн амын гуравны нэгийг бүрдүүлдэг хөдөөгийн малчин өрхүүдийн өдөр тутмын амьдралд шууд тусгалаа өгч, гамшгийн эрсдэлээс хамгаалахад чухал дэмжлэг болно. Улс орны хувьд ч бодлогын түвшинд шийдвэр гаргалтыг илүү бодит мэдээлэл, өгөгдөлд тулгуурлах боломж бүрдэх ба Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох урт хугацааны чадавхыг бэхжүүлэх юм.
Нөөцийн агуулахыг анхан шатанд ойртуулж байна
Төслийн хүрээнд гамшгийн бэлэн байдлыг хангах чиглэлээр хийж байгаа бас нэг ажил нь зорилтот бүлгийн дөрвөн аймгийн хэмжээнд онцгой үед ашиглах 45 өвс, тэжээлийн агуулахыг барьж, аймгуудад байрладаг улсын нөөцийн агуулахын засварыг хийв. Тухайлбал, 2023 онд Баруун-Урт, Түмэнцогт сумдад тус бүр 50 тн, 100 тн өвс, тэжээлийн агуулах шинээр барьж, аймгийн ОБГ, Халзан сумын агуулахыг сэргээн засварлах ажлыг хийсэн. 2024 онд Аймгийн Хүнс ХАА-н Газар, Халзан сумдад тус бүр 50 тн тэжээл, 100 тн өвсний багтаамжтай онцгой үед ашиглах өвс, тэжээлийн агуулах барих ажлыг гүйцэтгэсэн нь хаваржилтын цаг хүндэрсэн үед малчдад чанартай өвс, тэжээлээр хангах нөхцөл бүрджээ.
Энэ талаар Сүхбаатар аймгийн ОБГ-ын 144-р салбарын дарга, ахлах дэслэгч Г.Энхцэцэг байгалийн гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхэд үнэтэй хувь нэмэр орууллаа гэдгийг хэлэв. Тэрбээр “Монгол орны цаг агаарын нөхцөл байдал маш хүнд, тааварлашгүй. АДАПТ төслийн хүрээнд гамшгийн эрсдэлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангуулах, хор уршгийг арилгах чиглэлд маш их ажлыг хийсэнд талархаад баршгүй. Төсөл хэрэгжсэнээр бид аюулгүй байдлаа түрүүлээд хангачихаж байгаа юм” гэв.
Түүний хэлснээр эрсдэл ирсний дараа биш эрсдэлтэй нүүр тулахаас өмнө аюулгүй байдлаа хангах уг ажлыг анхан шатанд ойртуулж байна. Учир нь нөөцийн агуулахыг зөвхөн улсын агуулахаар хязгаарлахгүй сумдад буюу анхан шатанд нь ойртуулах ажлыг зохион байгуулсан. Ингэхдээ зураг төсөвт гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн иж бүрдэл, галын самбар, аврах гарцын схем зураг, дулаан чийг хэмжигч, хяналтын камер зэргийг тусгасан нь онцлог юм.
2023-2024 оны өвөл Монгол малчид тэр дундаа Сүхбаатар аймгийн хувьд ердийн нэг улирал бус, амьдралын сорил болсон жил байв. Аймгийн хэмжээнд 3.8 сая мал тоолуулсан боловч тухайн жилийн зуднаар 1.8 сая нь зүй бусаар хорогдсон. Өөрөөр хэлбэл, аймгийн 4400 өрх мал сүргийнхээ тал хувь, зарим малчдын хувьд бүх малаа алдсан харамсалтай тохиолдол ч бий. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй байгалийн гамшигт үзэгдэлд хаа хаанаа бэлэн байх шаардлагатайг давхар сануулав. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас /FAO/ гаргасан үнэлгээнд дурдсанаар, зудын урьдчилан сэргийлэхэд зарцуулсан 1 ам.доллар тутамд 7.1 ам.долларын хэмнэлт гардаг гэж тооцоолсон байна. Өөрөөр хэлбэл, эрсдэлийг бууруулахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг хийснээр хожмын алдагдлыг хэд дахин багасгах үр дүнтэй гэсэн үг.
Малчид ч байгалийн аливаа эрсдэлд бэлтгэлтэй байж, урьдчилсан сэргийлэхдээ цөөн тооны чанартай малтай байхын ач холбогдлыг ойлгож авчээ. Сүхбаатар аймгийн Халзан сумын 2-р багийн малчин Ц.Цолмонхүү, “Малч ухааныг аав, ээж, ах, эгчээсээ өвлөж авсан. Дунджаар 200 гаруй толгой мал маллаж байна. Ер нь үүнээс илүү гаргахгүйг хичээдэг. Таваарлаг малтай байхыг боддог. Өнгөрсөн өвлийн зуд маш хүнд байлаа. Эхэндээ бороо орж байгаад үргэлжлүүлээд 4-5 хоног цас орсон. Ингээд хоёр сар цасан шуурга шуурсан. Манайх цөөн малтай учир хонио хоёр хашаандаа хуваагаад хийчихдэг байсан. Тэгээд ханьтайгаа хоёулаа цасаа нийлээд цэвэрлэхэд 2-3 цаг л зарцуулсан. Хэдэн ямаа бээрснээс өөрөөр хонь хорогдол, хохиролгүй онд орсон. Ер нь малынхаа сувайг нь үлдээгээд бусдыг нь маханд өгч түүгээрээ өвсөө татаад онд орчихдог. Аавын туршлага байгаа юм. Цөөхөн мал түргэн тарга авдаг. Хавар ногоонд түргэн цаддаг гэсэн үг” гэлээ.
Амь орсон Яруугийн гол
Монгол Улсын анхны сум болох Алдархаан сумын зүүн хэсгээр урсах Яруугийн гол сүүлийн жилүүдэд байгаль хамгаалах, ойжуулах ажлын хүрээнд шинэ өнгө төрхтэй болж байна. Гол дагуу мод тарьж, хашаалж хамгаалснаар усны урсац нэмэгдэж, хөрс, өвс ногоо сэргэж эхэлсэн байна. Алдархаан сумын иргэн Ю.Дэлгэрнасан “Яруугийн голын ай сав газарт компаниуд хайрга олборлодог байсан юм. Нүдэн дээр л урсац нь багассаар байсан. Мэдээж үүнд олон хүчин зүйл нөлөөлсөн байх. Хайрга олборлолт, зохисгүй бэлчээр ашиглалт гээд хүний сөрөг үйл ажиллагаа нөлөөлнө. Мөн хэт халалт, дэлхийн дулаарал, бороо бага орж, ган, зуд гээд байгалийн гамшигт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэж буй нь нөлөөлж байгаа. Голын маань амь тасарчихвий гэж их л сэтгэл зовниж, нутгийнхан бид хөл хүрэх бүхий л газарт очиж, хэлж ярьж, эсэргүүцсэний эцэст олборлолтыг зогсоолгож чадсан. Түүнчлэн олон улсаас хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Яруугийн гол дагуу ойжуулж, хашиж хамгаалснаар усны урсац нэмэгдэж, өвс ногоо ургаж, газар хөрс сэргэж байна. Намайг хүүхэд байхаас хойш харагдахаа байсан өвс, ургамал, цэцэг, ногоо энэ хашаалсан талбайд үзэгдэх болсон” гэв. Ийнхүү Яруугийн гол амь орж, усны түвшин, урсгалын хэмжээ нэмэгдэх болжээ.
Өмнөх жилүүдтэй нь харьцуулахад өндөр үзүүлэлт гарсан байна. Тус голын гүүрний орчимд голын урсгалын хурд 0.6-0.8 м/с, хамгийн өргөн хэсэгтээ 130 метр орчим болж нэмэгдсэн байжээ. Ийнхүү Завхан аймгийн Алдархаан сумын Яруугийн гол урсаж, хүн, малаа ундаалах болсон нь АДАПТ төслийн үр дүн юм.
Татмын ойжуулалт зөвхөн Завхан аймгаар хязгаарлагдахгүй. Өдгөө төсөлд хамрагдаж байгаа дөрвөн аймгийн 1604 га талбайд татмын ойжуулалтыг хийгээд байна. Түүнчлэн эдгээр аймагт онцгой үед ашиглах 45 өвс, тэжээлийн агуулах, бэлчээрийн усан хангамж сайжруулах зорилго бүхий 106 гүний худаг барьж, 52 булаг шандын эхийг хамгаалан, 6 хөв цөөрөм байгуулж, 3.000 гаруй га талбайд бэлчээрийн менежмент, сэлгэлтийн арга хэмжээг 2021 оноос хойш хэрэгжүүлж байна.
Өргөн уудам тал нутагт дархан суурьшсан монголчуудын хувьд нэгэнт тулаад ирсэн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, тэр дундаа бэлэн байдлаа хангах нь хүндрэлтэй байсаар ирсэн. Харин энэ ажлыг АДАПТ төсөл загварчилж, дээр дурдсанчлан үлгэрлэж байна. Үр дүнгүүд ч эерэг өөрчлөлтөөр гарсаар буй. Бэлчээрийн менежментийг сайжруулах, татмын ойжуулалт, булаг хашаалах ажлын үр дүнд цөлжиж доройтсон байсан газар нутгийн өнгө зүс сэргэж, ширгэж, хатаж байсан гол мөрөн, нуур цөөрмүүд амь орж байна. Малчид ч гамшгийн эрсдэлийг бууруулж, дасан зохицох боломжтой гэдгийг ойлгож эхэллээ. Нэг үгээр хэлбэл, төсөл байгальд амь, малчдад итгэл өгч байна.