ӨВӨРХАНГАЙ: Бүс нутгийн экосистемийг нөхөн сэргээхэд иргэдийн оролцоог дэмжинэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны аравдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. АНУ-ын “Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг”-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас хангайн бүсийн экосистемийг хамгаалах төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын дарга болон албаны хүмүүстэй уулзлаа. Тус нийгэмлэгээс “Даян дэлхийн байгаль орчны сан”-гийн санхүүжилтээр “Хангайн бүсийн уулын ландшафтыг нөхөн сэргээж, хамгаалах замаар экосистемийн үйлчилгээ болон орон нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулах төсөл”-ийг Архангай, Өвөрхангай, Баянхонгор аймгийн найман суманд хэрэгжүүлэх юм.
Үүнд Өвөрхангай аймгаас хангайн нурууны үргэлжлэл бүхий газар нутагтай Бат-Өлзий, Уянга сум сонгогдсон байна. 2025-2030 он хүртэл хэрэгжүүлэх энэхүү төслөөр 23800 га ой болон бэлчээрийг нөхөн сэргээж, 634 мянган га газрын менежментийг сайжруулж, нутгийн 10 мянга орчим иргэд үр шимийг хүртэхээр урьдчилан тооцжээ.
Үйл
ажиллагааны хүрээнд тухайн бүс нутгийн экосистемийг нөхөн сэргээх, газрын
тогтвортой менежментийг хэрэгжүүлэх, биологийн олон янз байдлыг хамгаалахад
нутгийн иргэдийн оролцоог дэмжиж чадавхжуулах, тухайн орон нутгийн төр
захиргааны байгууллага болон бусад талуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.