ӨВӨРХАНГАЙ: “Баяннамсрай” цэцэрлэгт хүрээлэнд дуган байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны аравдугаар
сарын 13
/МОНЦАМЭ/.
Арвайхээр сумын “Баяннамсрай” цэцэрлэгт
хүрээлэнд “Баян Намсрай” бурхан залах, дуган байгуулах шав тавих ёслол боллоо.
Мөн моддын цэнэг усалгааг хийж, шинээр мод бут тарьсан юм. 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн үед лам нарыг олноор хороож байсны улмаас тус газрыг “Улаантолгой” хэмээн нэрийдсэн байдаг. Энэ нь цагийн аясаар зөөлөрч, “Ягаантолгой” болсон бөгөөд Арвайхээр сумын 6 дугаар багийн айл өрхүүд оршин суурьшсаар олон жилийг өнгөрүүлжээ.
Гэвч хүн ардын дунд ам дамжсан элдэв яриа
байдаг тул сумын ЗДТГ-аас 2023 онд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, аж ахуйн нэгж,
байгууллагуудын 2800 гаруй ажилтан, албан хаагчийг хамруулан 23 га газарт 10
мянга гаруй мод тарьсан юм. Мөн Ганданпунцоглин хийдээс зөвлөсний дагуу иргэд
нас барагсдын хойчийн буянд зориулан мод бут тарьсаар 20 мянгад хүрчээ.
Тэгвэл энэ удаа сүсэгтэн олны мөргөл үйлдэх, агаар салхинд гарч амрахад нь зориулан дуган байгуулахаар төлөвлөсөн байна.