Э.Мөнхзул: БНЭУ нь манай улсыг НҮБ-д элсэхэд гол дэмжлэг үзүүлсэн орон юм
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож буй. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, ялангуяа хоёр орны иргэдийн найрсаг сайхан харилцааны талаар ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Энхбаатарын Мөнхзулаас тодруулсан юм.
-Хоёр орны өнө эртний уламжлалт найрсаг харилцааны баялаг түүхэнд онцлууштай ямар ямар үйл явдал өрнөсөн байдаг вэ?
-БНМАУ БНЭУ-тай 1955 оны 12 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон. Тухайн үед БНЭУ манай улстай дипломат харилцаа тогтоосон социалист бус анхны орон байсны зэрэгцээ манай улсыг НҮБ-д элсэхэд гол дэмжлэг үзүүлсэн орон юм. Энэ ч утгаараа XX зуунд манай хоёр орон албан ёсны дипломат харилцаа тогтоож, хоёр орны харилцааны шинэ хуудсыг нээсэн.
Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойш харилцан бие биеэ тууштай дэмжсээр ирсэн түүхтэй. Манай улс хэдийнээ тусгаар тогтнолоо зарлаад байсан ч олон улсын байгууллагад нэгдэж, дэлхийн улс орнуудын өмнө бүрэн эрхт улсын статусаа баталгаажуулан, хүлээн зөвшөөрүүлэх шаардлагатай байсан энэ үед Энэтхэг манай улсыг ихээхэн дэмжиж байв.
Үүний нэг жишээ бол Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Жавахарлал Неру НҮБ-ын гишүүнчлэлийн асуудлаар 1960 оны 10-р сард мэдэгдэл хийхдээ “...Номхон дөлгөөн энхийг эрхэмлэгч үндэстэн өөрийн хөгжил дэвшлийн төлөө цөхрөлтгүй зүтгэж байна. Тэднийг энэхүү агуу байгууллагын гадна байлгаж байгаа нь ямар ч зарчмын үүднээс буруу.
Бидний 2 үндэстний харилцаа 1500 жилээс ч өмнөх эртний харилцаа учраас Энэтхэг Монголыг тусгайлан авч үздэг” гэж хэлсэн байдаг.
БНМАУ-ын Засгийн газар Шинэ Делид Элчин сайдын яамаа байгуулах шийдвэрийг 1956 онд гаргаж, тухайн жилдээ ажил хэрэг болгон хэрэгжүүлсэн. Харин Энэтхэг улс 1971 онд Улаанбаатар дахь Элчин сайдын яамаа нээж байсан түүхтэй. Хоёр улс дипломат харилцаа тогтоож, харилцан Элчин сайдын яамаа нээсэн нь манай хоёр улсын харилцаа цаашид өргөжин хөгжих, шууд харилцах боломж ойртсон гэж хэлж болно. Ийнхүү дипломат харилцаа тогтоосноос хойш манай хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний айлчлалууд болж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлэх чухал баримт бичгүүдийг байгуулсан түүхтэй.
Тэдгээрээс онцолбол, 1957 оны 9 дүгээр сард БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн урилгаар Энэтхэгийн Дэд ерөнхийлөгч, доктор С.Радхакришнан Монголд айлчилсан нь хоёр орон дипломат харилцаа тогтоосноос хойших анхны өндөр, дээд түвшний айлчлал байв.
Мөн 1959 онд Энэтхэгийн Засгийн газрын урилгаар БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал Энэтхэгт айлчилсан нь манай улсын төрийн тэргүүний зүгээс Энэтхэгт хийсэн анхны айлчлал болов.
БНМАУ, БНЭУ-тай эртнээс соёл, шашны харилцаатай байсан учир дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улс өөрсдийн шашин, соёлын нийтлэг, нэг үнэт зүйлс дээр тулгуурлан харилцаагаа хөгжүүлж эхэлсэн.
1990 оноос Монголын улс төр, нийгэм ардчиллын зам руу орсноор Энэтхэгтэй харилцах харилцаа ч илүү олон салбар хүрээнд өргөжин хөгжих боломж нэмэгдсэн. Урьд өмнө бид шашин, соёлын салбарт түлхүү харилцаагаа хөгжүүлж байсан бол 1990 оноос эдийн засаг, батлан хамгаалах, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал зэрэг бүхий л салбар чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх болов. Манай хоёр улсын хооронд харилцан айлчлалууд харьцангуй ойрхон давтамжтай, идэвхтэй байгаа нь ажиглагддаг. Тэгэхээр үүний үр дүнд харилцааны түвшинг ахиулан, тодорхой үр дүнтэй ажил хэргийг явуулах боломж илүү өндөр юм. Тухайлбал, 1994 оны 2 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат Энэтхэгт айлчилж Монгол Улс, БНЭУ-ын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг байгуулсан нь манай хоёр улсын орчин цагийн харилцааны үндсэн суурь баримт бичиг болсон юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “оюун санааны хөрш улс” хэмээн чухалчлан үздэгийн хувьд гадаад улсад хийсэн анхны айлчлалаа БНЭУ-ын Ерөнхийлөгч Пратиба Патилын урилгаар 2009 оны 9 дүгээр сарын 13-16-ны өдрүүдэд Энэтхэгт төрийн айлчлал хийснээр эхэлсэн. Тус айлчлалын үеэр манай хоёр улс харилцаагаа “Иж бүрэн түншлэл”- ийн хэмжээнд хүргэн өргөтгөн хөгжүүлэхээр санал нэгдэж, хамтарсан тунхаглал гаргаж байв.
Монгол, Энэтхэгийн хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Монголд айлчилсан. Айлчлалын үеэр Монгол, Энэтхэгийн харилцааг “Стратегийн түншлэл”- ийн түвшинд хүргэв.
Харин энэ удаа манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНЭУ-д хийх айлчлал нь мөн онцлогтой, хоёр талын харилцаанд олон сайхан зүйлийг авчирсан айлчлал болно хэмээн найдаж байна.
-Монгол
Улсын “оюун санааны хөрш”, бүс нутаг дахь чухал түнш бөгөөд “гуравдагч хөрш”
Энэтхэг улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэхэд
манай улс ихээхэн ач холбогдол өгдөг. Харин Энэтхэгийн хувьд Монголтой
хөгжүүлж буй харилцаандаа юуг эрхэмлэдэг вэ?
-Буддын шашнаар дамжсан оюун санааны холбоо нь манай хоёр орны харилцааны хамгийн бат бэх суурь юм. Тэр ч утгаараа Энэтхэг улс биднийг оюун санааны хөрш, ахан дүүс гэж үзэн харилцаагаа хөгжүүлж ирсэн. Мөн манай улс хоёул энх тайвныг эрхэмлэсэн, төвийг сахисан бодлого баримталдаг төдийгүй ардчиллын үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлдэг, шашин соёлын нийтлэг үнэт зүйлтэй тул биднийг найдвартай түнш гэж хардаг. Монгол Улс нь Энэтхэгийн Ази, ялангуяа зүүн Ази дахь стратегид чухал байр суурь эзэлдэг бөгөөд Энэтхэгийн “Act East” болон “Connect Central Asia” бодлогод хамаардаг.
Энэтхэгийн хувьд Монгол Улс нь уламжлалт найрсаг харилцаатай, өнөөг хүртэл хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлэн хөгжүүлж буй итгэлтэй түнш бөгөөд хоёр улсын харилцаа итгэлцлийн өндөр түвшинд хүрч, Энэтхэгийн гадаад бодлогын хүрээнд Монгол Улс өөрийн онцлогтой, тодорхой байр суурийг эзэлж байна.
-Хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд ямар ямар онцлог ажил өрнөж байна вэ?
-Монгол, Энэтхэгийн дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд БНЭУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ болон бусад хологдох байгууллагууд хамтран олон ажлыг зохион байгуулж байна. Тухайлбал, Энэтхэгийн ЭСЯ, Чингис хаан Үндэсний музей, БНЭУ-ын Рампур хотын Раза номын сан хамтран “Шастирт дүрслэгдсэн монголчууд” могол зургийн тусгай үзэсгэлэнг 2025 оны 2 дугаар сарын 7-нд зохион байгуулав.
Шадар Түшээ Соёлын Элч Сан ТББ санаачилгаар Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Монгол Улсад суугаа БНЭУ-ын Элчин сайдын яамтай хамтран энэтхэг улсыг илтгэх үзмэр, цуглуулгуудыг дэглэн олон нийтийн хүртээл болгохоор “Энэтхэгийн соёл, гар урлал” тусгай үзэсгэлэнг зохион байгуулсан.
Монгол, Энэтхэгийн Гадаад харилцааны яам хоорондын V зөвлөлдөх уулзалт 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр БНЭУ-ын нийслэл Шинэ Дели хотноо болж, хүндэтгэлийн хүлээн авалтыг зохион байгуулав.
Мөн энэ үеэр Шинэ Дели хотын түүхэн дурсгалт газрын нэг бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Кутуб Минар цамхгийг Монгол Улсын төрийн далбаагаар гэрэлтүүлэх ёслолын ажиллагаа болсон.
Нэмж хэлэхэд, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгээс санаачлан Гадаад харилцааны яам, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “Оюун санааны болон Стратегийн түншүүд: Монгол ба Энэтхэг-дипломат харилцааны 70 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулсан. Эрдэм шинжилгээний хурлаар Монгол, Энэтхэгийн харилцааг улс төр, эдийн засаг, шинжлэх ухаан, боловсрол, соёл, хүмүүнлэг зэрэг бүхий л талаас нь хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойших 70 жилийн түүхэн замнал, ололт амжилтыг дүгнэн хоёр талын харилцааны өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсний зэрэгцээ цаашдын хамтын ажиллагааны хэтийн төлөв, боломжийн талаар түлхүү анхааран хэлэлцсэн нь ихээхэн ач холбогдолтой болсон юм.
-Хоёр улсын харилцааны хэтийн төлөвийг та хэрхэн үзэж байна вэ?
-Монгол, Энэтхэгийн харилцаа нь зөвхөн Буддын шашин, соёлын харилцаа, эртний хэлхээ холбоонд тулгуурладаг гэх ойлголтыг даван, өргөжин хөгжиж байна. Өнөөгийн олон туйлт олон улсын харилцаанд Энэтхэг гэх том гүрэнтэй бид эртнээс найрсаг харилцаатай байж энэ түвшинд хүрсэн нь олзуурхууштай. Энэтхэг бол эдийн засаг, цэрэг армийн хувьд, мөн боловсрол, соёл, хүмүүнлэг, техник технологийн зэрэг олон салбарт маш амжилттай, их өсөлтийг үзүүлж, хүчирхэгжиж байгаа орон. Тиймээс цаашид ч бусад салбарт хамтран ажиллах боломж, цар хүрээ өсөн нэмэгдэх нь дамжиггүй юм.
-Харин аль салбарын хамтын
ажиллагаа сулавтар байна вэ?
-Өмнө дурдсанчлан манай хоёр улс 1990 оноос хойш олон салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Гэвч манай хоёр улсын худалдаа эдийн засгийн харилцаа нь улс төр, соёл, батлах хамгаалах салбарын харилцааг бодвол харьцангуй сулавтар гэж хэлж болно. Учир нь газар зүйн алслагдмал байдал, хил боомтын хязгаарлагдмал хүчин зүйлүүд өмнөх үед ч тэр одоо ч нөлөөлсөн хэвээр байна. Одоогоор манай хоёр талын худалдааны эргэлт зарим гуравдагч хөршийн орнуудтай харьцуулахад харьцангуй бага байх жишээтэй. Гэсэн ч өдгөө Энэтхэгийн эдийн засаг нь тогтвортой өсөж, олон улс дахь нэр хүнд, жин нөлөө нь өсөн нэмэгдэж буй орон юм. Тэр ч утгаараа хөгжиж буй улс орнуудад зээл, тусламж олгон хамтын ажиллагаагаа хөгжүүлж байгаа бөгөөд үүнд ч Монгол Улс хэдийнээ багтаж Монгол, Энэтхэгийн хамтарсан олон олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа билээ.
-Монгол
Улсын Ерөнхийлөгч Энэтхэгт айлчилж байна. Энэ айлчлалын үр дүнг хэрхэн
төсөөлж байна вэ?
--
Энэ удаагийн айлчлалаар 2015 онд байгуулсан “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэн, бэхжүүлснээр манай хоёр улсын харилцааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээсэн үйл явдал болох байх. Сүүлийн жилүүдэд манай хоёр улсын харилцаа илүү олон салбар чиглэлээр өргөжин хөгжиж байгаа нь энэ удаагийн айлчлалын ач холбогдлыг улам нэмэгдүүлж бататгах нь дамжиггүй. Мөн одоо хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийг дараагийн шатанд гарган ахиулах талаар хэлэлцээ явуулж, цаашдын хамтын ажиллагааны хөгжлийн орон зайн дахь салбар хүрээг тодорхойлон, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар хэлэлцэж, гэрээ хэлэлцээр байгуулна гэдэгт итгэлтэй байна.