Л.Батцэнгэл: Хувь хүний бизнес үйл ажиллагааны орлогод нэг хувиар татвар ногдуулдаг
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Монголын татварын алба 2025 онд “Зөвлөн туслагч татварын алба” зорилт тавин ажиллаж буй. Энэ хүрээнд Татварын шаталсан хувь хэмжээ болон хялбаршуулсан горимын талаар ТЕГ-ын Олон нийттэй харилцах төв Татварын улсын байцаагч Л.Батцэнгэлтэй ярилцлаа.
-ХХОАТ-ын тухай
хуулиар иргэдэд олон төрлийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг үзүүлдэг. Үүнийг эдлэхийн
тулд иргэд юунд анхаарах ёстой вэ. Мөн татварын тайлангаа хэрхэн зөв бөглөж
илгээх вэ?
-Үйл ажиллагааны орлогоосоо
татвар төлж байгаа иргэн орлогоосоо зардлаа хасаад 10 хувиар татвар төлөх, эсвэл
хялбаршуулсан горим ашиглах сонголтыг хийж болно гэж өмнөх ярилцлагад дурдсан.
Хялбаршуулсан горим сонгох тохиолдолд тухайн татварын жилдээ багтаагаад
хялбаршуулсан горим ашиглах хүсэлтээ гаргах гаардлагатай. Хүсэлтээ гаргаснаар
нийт орлогоосоо нэг хувиар татвар төлөх
боломж нь бүрдэнэ. Хүсэлт гаргахдаа etax.mta.mn хаягаар цахим татварын системд
нэвтэрч ороод “Хүсэлт” цэсийг сонгоно. Дараа нь “Хүсэлт гаргах” гэсэн цэс рүү орохоор
татвар төлөгчийн бүртгэлтэй холбоотой хүсэлт, татварын тайлантай холбоотой
хүсэлт гээд жагсаалт гараад ирнэ. Үүнээс татварын тайлантай холбоотой хүсэлт
гэдгийг дараад, үүн дотроос “Хялбаршуулсан горим ашиглах хүсэлт” гэдгийг
сонгоно. Гарч ирсэн цонхонд холбогдох мэдээллийг оруулж, илгээх товчийг
дарснаар таны хүсэлт баталгаажна. Хялбаршуулсан горимыг сонгохын өмнө татвар
төлөгч нэг л зүйлийг анхаарах ёстой. Учир нь хялбаршуулсан горимыг сонгосон
тохиолдолд ХХОАТ-ын тухай хуульд заасан бусад хөнгөлөлтийг эдлэхгүй гэдэг
хязгаарлалтын нөхцөлтэй. Тэгэхээр орон сууц худалдаж авсан, орон сууцын
хөнгөлөлт эдлэх, эсвэл их, дээд сургуулийн оюутантай, сургалтын төлбөрийн
хөнгөлөлт авах боломжтой бол хялбаршуулсан горимыг сонгох, эсвэл энгийн
горимоороо тайлангаа өгөөд хөнгөлөлт эдлэх үү гэдгээ тооцож сонголтоо хийх
ёстой.
Энэ жил хүсэлт гаргаад хялбаршуулсан
горимд орсон хэдий ч дараа жил нь хялбаршуулсан горимоор тайлагнах шаардлагагүй
гэж үзсэн бол дахиад дарааллын дагуу нэвтрэн “Хялбаршуулсан горимоос хасагдах
хүсэлт”-ийг илгээх хэрэгтэй. Хэрэв хялбаршуулсан горимоос гарах хүсэлт
илгээхгүй бол дараагийн жилүүдэд хялбаршуулсан горим үргэлжлээд л яваад байна
гэсэн үг. Үүнийг анхаарах хэрэгтэй.
-Хялбаршуулсан
горимоор тайлагнах, гарах сонголтыг хийх нь хялбар гэж ойлголоо?
-Тийм. Татварын шаталсан хувь
хэмжээний талаар товчхон авч үзье. Цалин, түүнтэй адилтгах орлого болон шууд
бус орлогын нийлбэрээс шаталсан хувь хэмжээгээр татвар ногдуулдаг тухай, мөн цалин
түүнтэй адилтгах орлогын хувьд цалингаас ЭМД болон НДШ-ийг хассан дүнд, шууд
бус орлогын хувьд нийт дүнд нь татвар ногдуулна гэж өмнө нь хэлсэн. ХХОАТ-ын
тухай хуулиар цалин болон шууд бус орлогын нийлбэр буюу жилийн татвар ногдуулах
орлого нь 120 сая төгрөг хүртэл байх юм бол 10 хувийн татвар, 120-180 сая төгрөгийн
хооронд байвал 120 сая төгрөг хүртэл дүнгийн 10 хувь буюу 12 сая төгрөг дээр
120 сая төгрөгөөс давсан дүнгийн 15 хувийг нэмнэ, 180 сая төгрөгөөс дээш байвал
180 сая төгрөг хүртэл дүнд ногдуулсан 21 сая төгрөг дээр 180 сая төгрөгөөс давсан
дүнгийн 20 хувийг нэмж татвар ногдуулна.
-Үнийн дүнгийн хувьд
бас ялгаатай зүйлүүд харагдаж байна?
-Өсөн нэмэгдэх хувь хэмжээтэй татвар
байна. Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу авч байгаа цалин сар
болгон үндсэндээ тогтмол байдаг. Тиймээс хуульд заасан дээрх дүнг 12 сард тэнцүү
хуваагаад хэрэглэхийг зөвшөөрдөг. Ингээд жилийн хамгийн сүүлийн 12 дугаар сард
зөрүүг нь тохируулж болдог. Энэ тооцооллыг ААНБ-ын нягтлан бодогч буюу
мэргэжлийн хүн хийж байгаа учраас санаа зовохгүй байж болно. Сарын хувьд аваад
үзвэл сарын цалин болон шууд бус орлогын нийлбэр 10 сая төгрөг хүртэл байх юм
бол 10 хувиар, 10-15 сая төгрөгийн хооронд байх юм бол 10 саяас давсан дүнгээс 15
хувиар, 15 сая төгрөгөөс дээш байх юм бол давсан дүнд нь 20 хувийн татвар ногдуулна.
Мөн зөвхөн цалин түүнтэй адилтгах
орлогод зориулсан тусдаа хөнгөлөлт бий. Хууль дээрээ мөн л жилийн дүнгээр нь
зааж өгсөн. Хөдөлмөрийн гэрээний дагуу сар болгон тогтмол авч байгаа цалинд
хамаарах хөнгөлөлт учраас 12 сард тэнцүү хуваагаад хэрэглэдэг. Ингэхээр сарын
цалин түүнтэй адилтгах татвар ногдуулах орлого нь 500 мянган төгрөг хүртэл байх
юм бол сар бүр 20 мянган төгрөгийн хөнгөлөлт эдлүүлнэ. Ингээд цалин түүнтэй
адилтгах татвар ногдуулах орлого 500 мянгаар нэмэгдэх тутамд хөнгөлөлтийн хэмжээ
нь 2 мянгаар буураад, 2.5-3 сая төгрөгийн хооронд байх юм бол 10 мянган
төгрөгийн татварын хөнгөлөлт эдлүүлнэ гэсэн зохицуулалттай.
-Хөнгөлөлтийн хувьд
нэмж хэлэх өөр зүйлүүд байгаа юу?
-ХХОАТ-ын тухай хуульд иргэд, татвар
төлөгчдөд үзүүлэх олон төрлийн чөлөөлөлт, хөнгөлөлттэй. Чөлөөлөлтийн хувьд Монгол
Улсын иргэдэд хамааралтай 7 заалт байна. Үүнд, хуулийн дагуу олгож байгаа
тэтгэвэр, тэтгэмж, нэг удаагийн буцалтгүй тусламж, тухайлбал өндөр насны тэтгэвэр,
хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, тэжээгчээ алдсаны тэтгэврээс татвар
авахгүй. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэний орлогыг 100 хувь татвараас чөлөөлдөг.
Засгийн газрын бонд болон хөгжлийн банкны хүүгийн орлого, мөн нэмэгдсэн өртгийн
албан татварын урамшуулал татвараас чөлөөлөгддөг. Хонжворт сугалааны орлогоос
40 хувийн татвар авах ёстой. Гэхдээ НӨАТ-ын сугалааны хонжворын орлого бол
татвараас чөлөөлдөг. Дээр нь 12 төрлийн хөнгөлөлт бий. Эдгээр хөнгөлөлтөөс 2 нь
буцаан олгодог хөнгөлөлт. Нэгдүгээрт, орон сууц худалдаж авсан тохиолдолд эдлүүлдэг
6 сая хүртэлх төгрөгийн хөнгөлөлтийг тухайн татварын жилд бүрэн эдэлж чадаагүй
бол дараагийн татварын жилдээ дамжуулж болдог. Хоёр дахь нь сургалтын төлбөрийн
хөнгөлөлтийг буцаан олгодог. Өөрийн төрсөн хүүхэд болон асрамж, дэмжлэгт байгаа
хүүхдийн, тухайн иргэн өөрөө ажил хөдөлмөр эрхлэхийн зэрэгцээ давхар суралцаад
сургалтын төлбөрөө төлсөн байж болно. Үүнд анхны мэргэжил эзэмших хугацааны
сургалтын төлбөрийн хувьд энэхүү хөнгөлөлтийг эдлүүлнэ. Бусад хөнгөлөлтийн
хувьд донорын олговор болон даатгалын нөхөн олговрын хөнгөлөлт, үйл ажиллагааны
орлогын хувьд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний нэр төрөлтэй холбоотой 50 хувийн
хөнгөлөлт байна. Хуульд зааснаар үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ,
тэжээлийн ургамал, модны суулгац тариалж олсон орлогод ногдуулах татварыг 50
хувь хөнгөлдөг. Мөн Улаанбаатараас алсалсан байдлын хөнгөлөлт бийа. Тухайн
иргэний оршин сууж байгаа газар нь Улаанбаатар хотоос мянган км-ээс дээш алсалсан
бол үйл ажиллагааны орлогод ногдуулах татварыг 90 хувиар, 500 км-ээс 1,000
км-ийн хооронд алсалсан бол үйл ажиллагааны орлогод ногдуулах татварыг 50 хувиар
хөнгөлнө. Мөн төвлөрлийг сааруулахтай холбоотой Багахангай, Налайх, Багануур
дүүрэгт орон сууц түрээслэн орлого олсон бол татвараас үе шаттай хөнгөлдөг
зэрэг олон төрлийн хөнгөлөлт байдаг. Эдгээр хөнгөлөлт нь бүх л татвар төлөгчид
ижил тэнцүү олгож байгаа боломж учраас бид хууль тогтоомжоо сайн судлаад, хэрвээ
хөнгөлөлтөд хамрагдах нөхцөл шаардлагыг хангаж байвал эдлэх хэрэгтэй.
Зөвхөн хялбаршуулсан горим
ашиглах хүсэлт гаргасан үед л бусад хөнгөлөлтийг эдлэхгүй гэдгийг өмнө нь хэлсэн.
Тэгэхээр хөнгөлөлт эдлэх, эсвэл хялбаршуулсан горим сонгох уу гэдгээ өөрсдөө сонгоно.
Мөн бичил ажил үйлчилгээ эрхлэгч гэж нэрлэгдэж байгаа 2 төрлийн иргэд хөдөлмөрийн
хөлсний доод хэмжээнээс бодож татвараа төлсөн бол эдгээр татварын хөнгөлөлтийг
эдлэхгүй. Яагаад гэхээр маш хөнгөлөлттэй нөхцөлөөр татвараа төлсөн гэсэн үг. Тиймээс
дээрх 2 сонголтыг хийхийн өмнө хөнгөлөлт эдлэх боломжуудаа тооцож үзээд, хялбаршуулсан
горим сонгох уу, бичил ажил үйлчилгээ эрхлэгчдийн хувьд хөдөлмөрийн хөлсний
доод хэмжээнээс бодож татвараа төлөх үү гэдгээ сонгох хэрэгтэй. Орон сууцын
хөнгөлөлтөөс бусад бүх хөнгөлөлт нь зөвхөн тухайн татварын жилдээ хамаарна.
Зөвхөн орон сууцын хөнгөлөлтийг дараагийн татварын жилд шилжүүлж болдог. Хөнгөлөлт
эдлэхийн тулд анхаарах гол зүйл бол татвар төлөгч ХХОАТ-ын тайлан ТТ-06 тайланг
илгээсэн байх ёстой.
-Тайлантай холбоотой товч мэдээлэл хүргээч?
-Иргэн бүр санхүүгийн мэдлэгтэй
биш учраас татварын тайлан гаргах, илгээх үйл явцыг мэдэхгүйгээсээ, эсвэл хайхрамжгүй
хандсанаасаа болоод татварын хөнгөлөлтийг эдэлж чаддаггүй. Гэтэл ХХОАТ бэлтгэх,
илгээхэд хүндрэлтэй зүйл байхгүй. etax.mta.mn хаягаар цахим татварын системд
нэвтрэн “Тайлан” цэсийг сонгоно. Дараа нь “Тайлан тушаах” гэсэн цэс рүү ороод
тайлангийн төрлөөс ХХОАТ-ын тайлан ТТ-06 тайланг сонгоно. ХХОАТ-ын тайланг татварын
мэдээллийн сангаас автоматаар бэлдэж өгдөг. Иргэний хувьд тайлант хугацаанд
төлсөн нийгмийн даатгал болон ЭМД-ын шимтгэлийн дүнг л гараасаа оруулна.
Оруулах дүнг тайлангийн баруун талд нь өнгөөр тэмдэглээд харуулдаг. Тэр дүнг хуулаад
бичих л асуудал. ТТ-06 тайлангийн хувьд ингээд л болоо. Харин буцаан олгох хөнгөлөлт
эдлэх гэж байгаа бол бүрдүүлэх материал дээрээ анхаарах ёстой. Буцаан олгодог 2
төрлийн хөнгөлөлт байгаа. Нэгдүгээрт, орон сууцны хөнгөлөлт. Орон сууцны
хөнгөлөлт эдлэх гэж байгаа бол ХХОАТ-ын тайлан ТТ-06 тайланг үндсэн стандарт
загварын дагуу бэлтгэсний дараа хөнгөлөлтийн төрөл дээр “Орон сууцны
хөнгөлөлт”-ийг сонгоод холбогдох мэдээллийг бөглөж, бүрдүүлэх материалаа хавсаргана.
Үүнд:
-Иргэний үнэмлэх, Нийгмийн
даатгалын мэдээллийг төрийн байгууллагын мэдээлэл солилцох хур системээс шалган
баталгаажуулна;
-Мөн “Үл хөдлөх эд хөрөнгийн
лавлагааг” гэрчилгээний дугаарыг ХУР системээс шалган баталгаажуулна;
-Орон сууцны захиалгын, эсхүл
худалдах, худалдан авах гэрээ, хуулбарын хамт;
-Орон сууц худалдан авсан, банк,
санхүүгийн байгууллагатай байгуулсан гэрээ, төлбөрийн баримт;
-Шинээр барьсан орон сууц
худалдан авсан тохиолдолд борлуулагч талаас олгосон төлбөрийн баримт;
-Хувьдаа орон сууц барьсан бол
материал худалдан авсан төлбөрийн баримт, хөрөнгийн үнэлгээний эрх бүхий
байгууллагын үнэлгээний тайлан;
-Үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны
2 хувийн татвар төлсөн баримт;
-Орон сууц худалдан авах болон
хувьдаа орон сууцны барилга барихад зарцуулсан орлого нь албан татвар ногдсон
орлого болохыг нотолсон баримт.
Ингээд бүрэн бөглөж, бүрдүүлэх
материалыг хавсаргаж дууссаны дараа илгээх товч дарж илгээнэ. Бүх зүйл цахим
учраас харьцангуй хялбар болсон. Ихэнх мэдээллийг нь татварын мэдээллийн сангаас
автоматаар бэлдээд харуулна. Иргэн бол энэ мэдээллийг хянаж баталгаажуулаад,
холбогдох материалыг хавсаргах хэрэгтэй.
Буцаан олгодог дараагийн
хөнгөлөлт нь сургалтын төлбөрийн хөнгөлөлт. Үндсэндээ бүх үйл явц адилхан. ТТ-06
тайланг үндсэн стандарт загварын дагуу бэлтгэсний дараа хөнгөлөлтийн төрөл
дээрээ “Сургалтын төлбөрийн хөнгөлөлт”-ийг сонгоод гарч ирсэн талбарыг бөглөж,
бүрдүүлэх материалаа хавсаргана. Үүнд:
-Иргэний үнэмлэх, Нийгмийн
даатгалын мэдээллийг төрийн байгууллагын мэдээлэл солилцох хур системээс шалган
баталгаажуулна;
-Гэр бүлийн тухай хуулийн
67.1.1-д заасны дагуу асран хамгаалагч, харгалзан дэмжигчээр тогтоосон тухай
сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт, шүүхийн шийдвэр, хүүхэд үрчилсэн тухай
сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолт, эцэг, эхийн гэрлэлтийн лавлагаа;
-Сургуулийн тодорхойлолт;
-Сургалтын төлбөр төлсөн
төлбөрийн баримт;
-Гадаад сургалтын төлбөр төлсөн
баримтыг баталгаат орчуулгаар орчуулж нотариатаар гэрчлүүлсэн байна.
-Бүрдүүлэх материалуудыг
хавсаргаж илгээснээр хөнгөлөлт эдлэх боломж бүрдэнэ.
-ХХОАТ-ын хөнгөлөлт эдлэхийн тулд
хамгийн гол шаардлага бол тайлангаа илгээсэн байх.
Татварын тайлангаа илгээгээгүй
бол хөнгөлөлт эдлэхгүй. Үүнийг л анхаарах ёстой. Хөнгөлөлтөө эдлээгүй,
хөнгөлөлт эдэлж байгаагүй гээд зарим хүн хэлдэг. Гэтэл тэр хүн өөрөөсөө
шалтгаалах үндсэн шаардлагаа биелүүлээгүй болж таарч байна. Татварын тайлангаа
илгээсний дараа татварын алба хянаж үзээд баталгаажуулснаар татварын хөнгөлөлтийг
буцаан олголт хэлбэрээр авах боломжтой болно. Буцаан олголт нь дараагийн
татварын жилийн 2 дугаар улиралд буюу дөрөвдүгээр сард ордог.
Связанные новости
Ulaanbaatar