Мянган жилийн настай занданшуулсан шарил Египетэд олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
sarnai@montsame.mn
2016-11-15 16:30:03

КАИР. /Al jazeera/. Египетийн өмнөд хэсгийн Луксор хотод судалгаа хийж байсан Испанийн археологичид 1000 жилийн настай сайтар хадгалагдсан занданшуулсан шарил олсон тухай Эртний эд зүйлсийн яамнаас мэдээлжээ.

Уг занданшуулсан шарил нь Каираас өмнө зүгт 700 км-ийн зайд Нил мөрний баруун эрэгт орших нэгэн бунханд байсан бөгөөд уг бунхныг МЭӨ 1075-664 оны үеийнх гэж үздэг аж. 

Занданшуулсан шарилыг цагаан хэрэгслээр ороож шохойдсон байжээ. Уг шарилыг цайвар өнгөтэй модон хоргонд хийж дөрөв дэх мянганы дайчин хаан болох Thutmose III-ын үед барьсан нэгэн сүмийн ойролцоо оршуулсан байна.

Яамны мэдэгдэлд дурдсанаар, уг шарил нь Аменренеф гэдэг язгууртан хүний шарил байж магадгүй байна. Тэрбээр хааны гэр бүлд үйлчилдэг байжээ. Археологийн багийн дарга Мириам Секо Алварезийн хэлснээр уг занданшуулсан шарилыг олон өнгө бүхий чимэглэлээр чимэглэсэн байсан бөгөөд энэ нь эртний Египетийн шашны бэлэг тэмдгийг илэрхийлж байжээ. Үүнд Хорусын дөрвөн хүү болон “Isis”, “Nephthys” бурхадыг далавчаа дэлгэсэн байдалтайгаар дүрсэлсэн байжээ.

Одоогоор Египетээс олдсон хамгийн эртний гэж тооцогдох занданшуулсан шарил нь МЭӨ 4500 жилийн тэртээх шарил байгаа билээ. Нил мөрний эрэгт орших Луксор хотод хагас сая хүн амьдардаг бөгөөд Египетийн фараонуудын сүм дуган, булш тэнд их байдаг. Энэ бүс бол Египетийн аялал жуулчлалын салбарын гол бүс бөгөөд 2011 онд хувьсгал гарч Ерөнхийлөгч асан Хосни Мубарак огцорсноос хойш улс төрийн тогтворгүй байдал болон мөргөлдөөний улмаас нэлээд эвдэрч сүйдээд байгаа юм.

Х.Сарнай

 

Связанные новости