Шатахууны нийлүүлэлт хэвийн, 30 хоногийн нөөцтэй гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахууны нөөцтэй холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр мэдээлэлдээ, "Шатахууны нийлүүлэлт хэвийн явж байна. Суманд гурван шатахуун станц байлаа гэхэд түгээлтийн асуудал бий. Баруун аймгуудад Евро 5 стандартын шатахуун нийлүүлэгддэг. Энэ нийлүүлэлт нь хязгаарлалтад орсон учир бага зэргийн тасалдал үүсэж байгаа. Гэхдээ нийлүүлэлт нь хэвийн явна. Бүх чадлаараа ажиллаж байна. Өнгөрсөн 35 жилийн хугацаанд Монгол Улс савны нөөцөө нэмэгдүүлэх бодлого явуулж, бодитой хөрөнгө оруулалт нэг ч удаа гаргаж байгаагүй юм билээ. Бид ирэх оны улсын төсөв, болон төсөл хөтөлбөрүүдээр 50 тэрбум орчим төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг гаргаж, улсынхаа нэг сарын ч болтугай шатахууны нөөцийг хадгалдаг сав барих боломжийг аж ахуйн нэгжүүддээ өгөхөөр төлөвлөн ажиллаж байна.
Мөн Дорноговь аймгийн Алтанширээт суманд барьж буй нефтийн үйлдвэрийн ажил маш эрчимтэй явагдаж байгаа. 2027 оны төгсгөл гэхэд бүрэн ашиглалтад орно. Түүний боловсруулах нөөцтэй холбоотой дотоодын хайгуул, гадаадын импортыг ч ярьж, бүх хувилбараар бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа. Иймд иргэдийг тайван байгаарай, нийлүүлэлт хэвийн байгаа гэдгийг хэлье" гэв.
Түүнчлэн тэрбээр шатахууны 30 хоногийн нөөцтэй байгааг тодотгов.