“Усан тойрог” гадаа талбайн нээлттэй үзэсгэлэн Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд болж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Усны ухаалаг хэрэглээг олон нийт, залууст түгээн таниулах зорилготой “Усан тойрог” гадна талбайн нээлттэй үзэсгэлэн, танин мэдэхүйн үйл ажиллагааг “Бидний ус-Бидний ирээдүй” уриан дор Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байна.
Монголын Мянганы сорилтын сан нь Усны компактын хүрээнд нийслэлийнхний усны тогтвортой хэрэглээг урт хугацаанд хангах зорилготой нийслэлийн ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж буй юм. Уг хөтөлбөрийн үр өгөөж болон усны үнэ цэн, ухаалаг хэрэглээ, дахин ашиглалт, бохирдлыг бууруулах зэрэг устай холбоотой асуудлаар олон нийтэд мэдээллээ хуваалцахаас гадна Усны компактын бүтээн байгуулалтууд, нэвтрүүлж буй шинэ дэвшилтэт технологи, инновацыг дээрх үйл ажиллагаагаар танилцуулах ажээ.
Өдөрлөгийн үеэр Усны газрын дарга З.Батбаяр “Хот, суурины ус хангамж, усны нөөцийн зохистой менежмент” сэдвээр оюутнуудад лекц уншлаа. Тэрбээр “Усыг бид олон талаас нь харах ёстой. Бүх талаар нь таньж мэдээд, бидний амьдралд ямар нөлөөтэй, Улаанбаатар хотын сайхан амьдрал усан дээр суурилж байдаг гэдгийг хүн бүр мэддэг байх ёстой. Өнөөдөр оюутнуудад ус, усны нөөц, саарал ус, түүнийг хэрхэн ашиглах боломж зэрэг олон сэдвээр мэдлэг, мэдээллээ хуваалцлаа. Халаалт, дулаан хангамжийн оюутнууд саарал ус, ус дахин ашиглах тухай сонирхон асууж байна. “Усан тойрог” үзэсгэлэн цагаа олсон, мэдлэг түгээсэн ажил болж байна” гэв.
Харин маргааш Мянганы сорилтын сангийн Хаягдал ус дахин боловсруулах төслийн мэргэжилтэн, Монгол Улсын зөвлөх инженер Б.Батдэлгэр “Хаягдал ус ба ус дахин ашиглалт”, 8-нд УСУГ-ын Усны төв лабораторийн менежер Ц.Болормаа “Усны чанар, шинжилгээ, лаборатори”, энэ сарын 9-нд Монголын МСС-гийн Ус хангамжийн Баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн захирал, Монгол Улсын зөвлөх инженер Б.Батсүх “Усны салбарын шинэ дэд бүтэц, техник, технологи”, 10-нд Монголын МСС-ийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал “Усны салбарын цахим дэвшил” сэдвээр лекц унших юм байна.
Түүнчлэн тус өдөрлөгийн хөтөлбөрт залууст зориулсан кино болон яруу найргийн үдэш зэрэг үйл ажиллагаа багтжээ.