АРХАНГАЙ: Хангайн бүсийн сумын эмч нар сайн туршлагаа хуваалцлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-10-07 14:19:48

Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хангайн бүсийн аймгуудын сумын эмч, мэргэжилтнүүдийн туршлага солилцох зөвлөгөөнийг Архангай аймагт зохион байгууллаа.


Зөвлөгөөний гол зорилго нь сумын эрүүл мэндийн төвд үзүүлж буй тусламж, үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, цаашдын чиг хандлагыг хэлэлцэх, тэргүүн туршлагыг дэлгэрүүлэх байлаа.


Архангай аймгийн Чулуут сумын ЭМТ-д сэргээгдэх эрчим хүч хэрэглэсэн туршлагыг, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын сүрьеэгүй сум зорилтот хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, сайн туршлагыг, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын ЭМТ-д хиймэл оюун ухаанд суурилсан рентген оношилгоог нэвтрүүлсэн үр дүн туршлагыг, Орхон аймгийн Жаргалант сумын ЭМТ-ийн сувилахуйн шинэчлэл гэсэн үр дүн гарсан сайн туршлагуудыг ярьж, мэдээлэл өглөө.


Тухайлбал, Архангай аймгийн Чулуут сумын эмнэлгийн дулаан хангамжийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр шийдэх “Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийн туршилтын төсөл” хэрэгжиж байна. Уг төслийг ЭХЯ-ны захиалгаар Японы “Цэцэглэн хөгжсөн, эрсдэлд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сан”-гийн буцалтгүй тусламжаар хийж байгаа аж. Чулуут сумын эмнэлгийн дулаан алдагдал өндөр учраас бууруулж С ангилалд хүргэх төсөл юм. Энэхүү төслийн нээлт энэ 10 сард болно. 


Мөн сумын ЭМТ-ийн хөгжлийн чиг хандлага, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.


Архангай, Булган, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн 83 сумын 250 гаруй эмнэлгийн мэргэжилтэн оролцсон энэхүү зөвлөгөөнийг Монголын Сумын эмч, мэргэжилтнүүдийн холбоо, тус холбооны Хангайн бүсийн салбар хороо, аймгуудын ЭМГ хамтран зохион байгуулжээ. 

Связанные новости