АРХАНГАЙ: Авто зам дагуу гурван жил дараалан мод тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-10-06 17:14:18

Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. “Агро нэгтгэл” ХХК болон Цэнхэр сумын харьяат ах дүү сумын заан Н.Цэрэндорж, Н.Лувсандорж нарын үр хүүхдүүд хамтран Цэнхэр суманд гурав дахь жилдээ мод тарьж байна.


Тэд Цэнхэр сумаар дайран өнгөрдөг улсын чанартай авто замын араар гурван жилийн хугацаанд 900-гаад модыг ийнхүү тариад байна.


200 метрийн урттай, 10 метрийн өргөн хамгаалалтын зургаан хашааг барьж, 3 эгнээ моддыг хамгаалж байна. Мах бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Агро нэгтгэл компанийн охин компани Архангай аймагт өнгөрсөн зунаас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ намрын мод тарилтад Архангай дахь ажилтнууд оролцсон юм.


Тарьсан улиас модны ургалт 90 гаруй хувьтай байгаа ба нөхөн тарилтыг ч жил бүр хийгээд явж байна. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, дэмжих зорилготой энэхүү ажлыг Цэнхэр сумын ЗДТГ, Сум дундын ойн анги хамтран зохион байгуулж, арчилгаа, хамгаалалтад анхааран ажиллаж байна.


Энэхүү ойн зурвас нь алсдаа 2 км орчим үргэлжлэх ой болж ургах юм. 

Связанные новости