Монголын эмэгтэй даамчид ДАШТ-д амжилтаа ахиуллаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. 100 буудалт даамын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах шигшээ тэмцээн Тринидад ба Тобаго улсад болж өндөрлөлөө.
11 орны шилдэг 18 тамирчин ухаанаа уралдуулсан тус тэмцээнд манай улсаас 2024
оны Азийн аварга, их мастер Б.Мөнхжин, хүрэл медальт Дэлхийн даамын холбооны
мастер Б.Анужин, дэд мастер Ц.Цацрал нар өрсөлдөв.
Эмэгтэйчүүдийн ДАШТ-д манай гурван даамчин анх удаа оролцсон бөгөөд Азийн хошой аварга, их мастер Б.Мөнхжин VIII, дэлхийн даамын холбооны мастер Б.Анужин IX, дэд мастер Ц.Цацрал XII байрт шалгарлаа. Б.Анужингийн хувьд долдугаар өргийн дараачаар дэд байрт эрэмбэтэй байсан ч найм дахь тавилдаа Украины шилдэг тамирчин Виктория Мотричкод хожигдсоноор тавдугаар байр луу ухарсан. Улмаар сүүлийн өрөгтөө тэнцсэнээр есдүгээр байр эзэлжээ. Тэгвэл их мастер Б.Мөнхжин төгсгөлийн өргүүдээ сайн хийсний ачаар наймдугаар байрт шалгарснаар Монголын даамчдаас ДАШТ-д хамгийн өндөр амжилтыг үзүүлэв. Ц.Цацралын хувьд сүүлийн өрөгтөө тэнцсэнээр 12 дугаарт жагслаа. Энэ удаагийн ДАШТ-д Украины их мастер Виктория Мотричко алтан медалиар энгэрээ мялаасан бол Хятадын Гансүхийн Сайяа, Украины Юлия Макаренкова нар мөнгө, хүрэл медаль хүртэв.
Ташрамд сонирхуулахад, ихэр даамчин Б.Мөнхжин, Б.Анужин нар ДАШТ-д шилдэг 10-т багтсан анхны тамирчин боллоо. Үүнээс өмнө манай даамчдын үзүүлсэн хамгийн өндөр амжилт нь 10-р байр байв.
Тодруулбал, 2017 оны ДАШТ-д их мастер М.Нямжаргал 10 дугаар байрт шалгарч байлаа. Тэгвэл насанд хүрэгчдийн ДАШТ-ээс Монголын даамчдын авсан цорын ганц медалийг 2018 оны рапидын ДАШТ-ээс ДДХМ Н.Мөнхтуяа хүртсэн юм. Тэрбээр тус тэмцээнээс мөнгөн медаль авч байв.