ӨВӨРХАНГАЙ: Ахмадууд тэтгэврийн хэмжээ, зээлийн хүүг хөндлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Арвайхээр, 2025 оны
аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/.
Арвайхээр сумын ЗДТГ-аас “Ахмадаа сонсьё” уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Ахмад
настнуудынхаа санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсож, зохих шийдвэрийг
гаргах, зарим асуудлыг холбогдох газруудад уламжлах зорилгоор улирал бүрийн
эхэнд “Ахмадаа сонсох өдөр”-ийг бий болгоно гэдгийг сумын Засаг дарга Б.Ганбат
хэлэв.
Мөн уулзалтаар аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Сайнжаргал “Эрүүл идэвхтэй насжилт” сэдвээр илтгэл тавьж, Арвайхээр сумын Ахмадын хорооны дарга Д.Дүгэрсүрэн ажлын тайланг тавьсан юм.
Ахмадууд санал бодлоо илэрхийлсний олонх нь тэтгэврийн хэмжээ, зээлийн хүүг хөндөж байлаа. Тэдний дийлэнх нь 689 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг, энэ нь хэрэглээний тал хувьд л хүрдэг учраас дор хаяж нэг сая болгох, цаашлаад тэтгэврийн зээлийн хүүг жилийн 10 хувиас хэтрэхгүйгээр тогтоож өгөх шаардлагатай гэдгийг хэллээ.
Арвайхээр сум 4186 ахмад настантай бөгөөд нийт хүн амын 11 хувийг эзэлж байна. Ахмадуудын 29.3 хувь нь эрэгтэй, 70.2 хувь нь эмэгтэйчүүд юм. 80-89 насны 322, 90-ээс дээш настай 65, 100 насны босго давсан дөрвөн ахмад байна. Харин аймгийн хэмжээнд 2024 оны жилийн эцсийн байдлаар 13717 ахмад настан бүртгэгдсэн нь нийт хүн амын 11.9 хувийг эзлэж байгаа юм.
Ахмад настны тухай хууль шинээр батлагдсантай холбоотойгоор ахмадуудын идэвх оролцоог нэмэгдүүлэх, бие бялдар танин мэдэхүй, эрүүл мэнд, нийгмийн байдалд үндэслэн цогц үнэлгээ хийж, түүнд суурилсан үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагаа өрнөж байгааг аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Б.Сайнжаргал хэллээ.