ТӨВ: Сурагчид өөрсдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд илэрхийллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Зуунмод, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. “Хүүхдээ сонсох өдөр”-өөр Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн сурагчид өөрсдийн дуу хоолойг шийдвэр гаргах түвшинд илэрхийллээ.
Хүүхдүүдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжийг нээж, шийдвэр гаргах түвшинд тэдний оролцоо, дуу хоолойг хүргэх зорилгоор “Хүүхдээ сонсох өдөр”-ийг албан ёсоор эхлүүлж байна. Энэ өдөр аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Л.Төмөрчөдөр, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Мөнхцэцэг, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрын удирдлага, мэргэжилтнүүд Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн удирдлагууд болон ахлах ангийн 40 гаруй сурагчийг хүлээн авч уулзан, тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсож, хариулт өглөө.
Сурагчдын зүгээс тулгамдсан асуудлаа чөлөөтэй ярьж, санал бодлоо илэрхийлж байв. Тодруулбал, Сургуулийн ариун цэврийн байгууламжийн хүрэлцээг нэмэгдүүлэх, гэрэлтүүлэг нэмэх, дотуур байрны асуудал, сурагчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжийг бий болгох хэрэгтэй талаар хэлж байв.
Мөн дугуйн замтай болгох, гэр хорооллын гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, дөрвөн замын уулзварын гэрлэн дохиог өглөөгүүр ажилладаг болгох, хүүхдүүд хичээлдээ явах цагаар айл өрхүүд нохойгоо уядаг байх зэрэг олон асуудлыг ярьж байв.
Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн зөвлөлийн тэргүүн Л.Төмөрчөдөр, “Хүүхдээ сонсох өдөр” ганцхан өнөөдөр болоод дуусах ажил биш. Бид цаашдаа бусад сургуулиуд, сумдаар явж хүүхэд залуучууд, сурагчдынхаа дуу хоолойг сонссоор байх болно. Хэрвээ та бүхэн тулгамдсан асуудлаа биеэр илэрхийлж чадаагүй бол бичгээр болон сошиал хаягаар маань ирүүлээрэй. Бид цаашид гаргах бодлого, үйл ажиллагаандаа тусган ажиллах юм. Иймээс та бүхний санал бодол бидэнд маш чухал гэдгийг онцоллоо.
Ирэх 7 хоногт 2,3,4 дүгээр сургуулийн ахлах ангийн сурагчид болон Политехник коллежийн 1, 2 дугаар курсын оюутнуудтай уулзахаар төлөвлөөд байна.
Связанные новости

