Монголын пара байт харвааны тамирчид ДАШТ-ээс хос алтан медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Солонгосын Гванжу хотод болсон пара байт харвааны ДАШТ-ээс Д.Сэлэнгээ, Б.Оюун-Эрдэнэ нар Солонгосын багийг ялж, алтан медалиар энгэрээ мялаасан. Тэгвэл холимог багийн төрөл олон улсын хэмжээний мастер Д.Сэлэнгээ, спортын мастер Н.Мөнхбаатар нар Италийн багтай халз харваж, алтан медаль хүртэв.
Ингэснээр Монголын пара байтынхан ДАШТ-ээс анх удаа хос алтан медальтай эх орондоо ирж байна.
Байт харвааны төрлөөр монголчууд 1971 оны ДАШТ-ээс гавьяат тамирчин С.Дэмбэрэл алтан медаль хүртэж байв. Улмаар 1992 оны ДАШТ-д багаараа хүрэл медаль хүртсэн юм. Түүнээс хойш 2008 оны паралимпаас Д.Баатаржав алт, улмаар ДАШТ-ээс Д.Сэлэнгээ, Б.Жавхлантөгс нар эмэгтэйчүүдийн багийн төрөлд хүрэл медаль авч байлаа. Тэгвэл энэ удаа хос алттай болов. Пара байтынхан олимп, паралимпын зай буюу рекувр төрлийн 70 метрт дэлхийн аварга болсноороо онцлог юм.